Нутгийн 70 гаруй хувьд мал өвөлжих боломжгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-10 22:14:49
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн 109 багт 15988 малчин өрхийн 5.5 сая гаруй мал өвөлжинө. Энэ зун 1.8 сая гаруй төл бойжуулж, мал сүрэг урд оныхоос 300 мянган толгойгоор өссөн бөгөөд энэ өвөл малчид 800 мянга орчим малыг борлуулах урьдчилсан дүнтэй байна.
Аймгийн хэмжээнд нийт нутгийн 15  орчим хувьд нь мал бэлчээрлэх боломжтой, 70 гаруй хувьд нь мал сүргээ онд оруулахад шаардлага хангахгүй гэж үзэж байгаа юм. Тухайлбал Нарийнтээл, Уянга, Сант, Хужирт, Хархорин, Бүрд, Баянгол, Богд, Өлзийт, Баруунбаян-Улаан, Есөнзүйл, Баян-Өндөр сумдын зарим нутгаар бэлчээрийн даац хэтэрсэн тул өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр арга хэмжээ авах шаардлага тулгараад байна. Гэвч отор нүүдлийг өөр аймагт хийх боломжгүй байгааг аймгийн ХХААГ-аас мэдээлэв. Учир нь зэргэлдээ аймгуудад зун гантай, өвс ногооны ургац муу байснаас мал өвөлжүүлэх нөхцөл байдал адилхан тааруу, мөн малын халдварт өвчний голомт бүхий газрууд учраас шилжилт хөдөлгөөн, отор нүүдэл хийхэд эрсдэлтэй байгаа аж.
Иймд ХХААХҮЯ-ны Отрын бүс нутгийн захиргаанд хандаж,  аймаг дундын отрын бүс нутаг болох Хөх дэлийн бүсэд хонин толгойд шилжүүлснээр 10 мянган мал оторлуулах зөвшөөрөл авч Бүрд, Баян-Өндөр сумаас найман малчин өрхийг отроор өвөлжүүлж байна. Түүнчлэн 13 сумын нэг сая гаруй толгой мал /хонин толгойд шилжүүлснээр/-ыг аймаг дотроо оторлуулж байгаа юм. Хэрэв энэ өвөл цас их орж, хүйтний эрч чангарвал нийт мал сүргийн 50 гаруй хувь нь байнгын тэжээлээр онд орно гэх тооцооллыг ХХААГ-аас гаргажээ.
Энэ намар аймгийн хэмжээгээр 44400 тонн хадлан, 6660 тонн гар тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй байснаас 27004  тн хадлан, 4608 тн гар тэжээл, бэлтгэж, 61.9 хувийн биелэлттэй  байна. Аймгийн болон сумдын аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор Өлзийт сумын “Конкретемашин прогдакшн” ХХК-тай гэрээ байгуулан Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас 20 мянган боодол өвс бэлтгэн татжээ. Сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 41,8 хувьтай байгаа тул нэмэгдүүлэх боломжийг богино хугацаанд шийдвэрлэж, цаашид 11 сар дуустал тэжээл худалдан авах, өвлийн мал нядалгааны үеэр амьтны гаралтай гар тэжээл бэлтгэх зэрэг ажлыг  эрчимтэй зохион байгуулж байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ