72 жилийн өмнө гуянд нь шигдсэн их бууны сумны хэлтэрхийг салгаж авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-11-08 16:52:17
БЭЭЖИН. /Чайна Дэйли/. 90 настай хятад эмгэний гуянаас 72 жилийн өмнө буюу 1945 онд зоогдож шигдсэн их бууны сумны хэлтэрхийг салгаж авчээ.

“Чайна Дэйли” сонины мэдээлснээр,  Ху Зиньхуа эмгэн залуудаа буюу Хятад-Японы дайны үед нөхрийнхөө хамт орон гэрээсээ дайжин зугтаж байхад Японы тал сум нь задран цацардаг их буугаар галлах үед сумны хэлтэрхий түүний гуянд зоогдон шигдсэн байна.

Тухайн үед Ху овогт дөрвөн сартай жирэмсэн байсан бөгөөд санхүүгийн боломж тааруу байсны улмаас эмнэлэг бараадаж чадалгүй, нөхөр нь цус тогтоох арга хэмжээ авч байжээ.

Энэ оны 10 дугаар сараас хөл нь янгинан өвдөж, улмаар хэвтэрт орсон тэрбээр саяхан хагалгаанд орсон аж. Эмч нар түүний гуянаас 1см урт төмрийн хэлтэрхий авсан байна. Ху эмгэний бие одоо тэнхэрч байна гэж Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ