Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-11-08 16:01:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ирэх оны Төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Уг хуулийн төсөлд, сонгон шалгаруулалтад битүүмжилж ирүүлсэн материалын хуудас бүрт бүртгэлийн дугаараа бичих боломжгүй тул тэмдэглэгээ хийх хэсгийг хассан. Сонгон шалгаруулалт явуулах боломжтой талбайн солбилцол тогтоохдоо агентлаг тодорхойлсны үндсэн дээр яаманд хүргүүлэх бөгөөд яам нь нэгдсэн бодлогын хүрээнд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тусгасан байна. Мөн сонгон шалгаруулалт явуулахдаа Ашигт малтмал, газрын тосны газар нь яамнаас санал авахаар тусгажээ. Түүнчлэн шуудангаар сонгон шалгаруулалтын хүсэлт ирүүлэх боломжтой байсныг хассан бөгөөд үйлчилгээний хөлс төлсөн баримт нь сонгон шалгаруулалтад тэнцсэн байгууллага төлбөр төлөөгүй учраас сонгон шалгаруулалтын бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтаас хассан байна. Техникийн саналд тусгах зүйлсийг илүү ерөнхий байдлаар өөрчлөн найруулсан аж. Үнэлгээний хороо сонгон шалгаруулалтыг нээж, үнэлж, дүгнэж гаргах байдлаар тусгасан бөгөөд тусгай зөвшөөрөл олгохтой хамааралтай зарим өөрчлөлтүүдийг тусгажээ.

Хуулийн төслийг өчигдөр тус байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед ажлын хэсэг хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан дахин хуралдах шаардлагатай гэж үзэн өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм. Өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн талаарх УИХ-ын гишүүдээс бичгээр ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураав. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлийн 2/17.4 дэх хэсгийн “сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлтийг хүлээн авах хугацааг өдөр тутмын сониноор нийтэд зарлана” гэснийг “сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ” гэж өөрчлөх санал ирүүлжээ. Уг саналууд гишүүдийн олонхийн дэмжлэг авч, хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх болов.
Н.Туяа
Холбоотой мэдээ