Хүүхдийн цэцэрлэг барихад АНУ-ын ЭСЯ дэмжлэг үзүүлэхээр болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга А.Гылымхан АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар харилцан санал солилцсон байна. Мөн АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн-Цэргийн дэмжлэгийн багийн ахлагч Иен А.Моррис дээрх чиглэлээр Баян-Өлгий аймагт томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлжээ.
Энэ үеэр Засаг дарга А.Гылымхан аймгийн хэмжээний бага насны хүүхдийн 64 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байгаа тул цаашид хэд хэдэн цэцэрлэг нэмж барих шаардлагатай байгааг онцолж хэлээд АНУ-ын ЭСЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
ЭСЯ-ны төлөөлөгчид Засаг даргын дээрх саналыг хүлээн авч хэрэгжүүлэхээ илэрхийлж, аймгийн төвд, эсвэл хөдөө суманд барих эсэхийг тусгайлан судлахаар боллоо.
Энэ жил Сэлэнгэ, Дорноговь аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт АНУ-ын санхүүжилтээр цэцэрлэгийн барилга барьж ашиглалтад оруулжээ хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.