Д.Ганболд: Уламжлалаа авч үлдэх цорын ганц үүрэг бидэнд оногдсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-11-06 12:54:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний урлагийн их театрын хамт олон 2010 онд “Ишиг хөөрхөн нэр”, 2013 онд “Цуутын цагаагч гүү” үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” жүжиг тус тус тавьсан бол энэ удаа “Ижил хоёр ботго” хүүхдийн дуулалт жүжгийг энэ сарын 03-наас үзэгчдэд толилуулж эхлээд байна. Тус театрын ерөнхий найруулагч Д.Ганболдтой ярилцсанаа хүргэе.
 
-Сүүлийн үед хүүхдийн тодотголтой уран бүтээл ховор болсон энэ үед таван хошуу төл малаар сэдэвлэсэн хүүхдэд зориулсан цуврал уран бүтээл хийж байгаа нь талархууштай. Энэ удаагийн “Ижил хоёр ботго” жүжгийн тухайд?
-Ер нь хүүхдэд зориулсан бүтээл өөр өөрийн онцлогтой байдаг. “Ишиг хөөрхөн нэр” жүжиг бол монголын нүүдлийн аж ахуй буюу эртнээс эрхэлж ирсэн таван хошуу малын нэг ямааны төл ишгээр гол дүрээ илэрхийлсэн. Уг бүтээлээр дамжуулж найз нөхөрлөлийн нандин холбоо, буруу ишилсэн сүх шиг зожиг, их зантай байвал юунд хүрдгийг ойлгуулахыг хичээсэн. Удаах бүтээл “Эрх цагаан унага” дуулалт бүжгэн жүжгээр байгаль эх дэлхийгээ хайрлах, ахмад хүний үг сургаалийг сонсохын чухлыг өгүүлсэн. Харин энэ удаагийн бүтээлээр бид Монгол ёс заншил ямар үнэ цэнэтэй байдаг вэ, адгуус амьтныг дуу хуурын эгшгээр уярааж болдог сайхан ёс заншил зөвхөн Монголын ард түмэнд байдаг юм шүү гэсэн санааг илэрхийлэхийг зорьсон.
 
- Шинэ уран бүтээлд тань хичнээн уран бүтээлч хамтарч ажиллав?
 
-Уран бүтээлийн баг бүрэлдэхүүнд ҮУИТ-ын Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит уртын дууны ангийн хамт олон, Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон. 
Дуулалт жүжгийн цомнолыг МЗЭ-ийн шагналт зохиолч Г.Батаа, хөгжмийн зохиолчоор Үндэсний урлагийн их театрын хөгжмийн зохиолч М.Бирваа, бүжиг дэглээчээр тус театрын бүжигчин Ч.Хашхүү, ЦДБЭЧ-ын бүжиг дэглээч О.Ууганбаяр, удирдаачаар Б.Ганбат нар ажиллав. Мөн хормейстрт чуулгын найрал дууны багш Б.Бямбачулуун, хувцасны зураачаар Д.Амаржаргал, тайзны зураачаар Ч.Батболд, гол дүрд өнчин цагаан ботгод М.Болорчимэг, найз ботгод П. Мөнхцацрал, ээж ингэд  Ж.Мандухай, ботгочин охинд М.Мишээл, лусын хаанд Д.Эрхбилгүүн гээд 120 гаруй уран бүтээлчийн хөлс хүч шингэсэн.
 
-Дараачийн уран бүтээлийн тань гол сэдэв юу байх бол?

-Тун удахгүй манай хамт олон “Миний хэнз хурга” шүлгээр сэдэвлэсэн уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байна. Манай театр бол үндэсний гэсэн тодотголтой хамгийн шилдэг бүтээлүүдийг сорчлон уран бүтээл болгохоор зорьж ажиллаж байна. Манай театр бол үндэсний өв уламжлалыг хүүхдүүддээ үлдээх зорилготой ажиллаж байгаа хамгийн том мэргэжлийн байгууллага. Мэдээж хотжиж суурьшсан, сошиал медиа хөгжсөн энэ үед уламжлалаа авч  үлдэх цорын ганц үүрэг бидэнд оногдож байна гэж үздэг. Тиймээс бид нохой муурны тухай уран бүтээл тавьсангүй, таван хошуу малынхаа тухай уран бүтээлийг багц хөтөлбөр болгохоор зорьсон минь энэ.

Ж.Болор
Холбоотой мэдээ