Дэвжээ тэмцээний аваргууд маргааш тодорно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-02 19:23:26
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймаг дахь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/-өөс санаачлан тус аймгийн бүх сумдыг хамруулан зохион байгуулсан “Дэвжээ” тэмцээний шигшээ тоглолт маргааш болно.

Энэхүү тэмцээн нь сумдын ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, байгууллага, ажилтан, төрийн албан хаагчдын хамтын ажиллагаа, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилготой юм. Түүнчлэн зохион байгуулагчид Зөрчлийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Эрүүгийн тухай хуулиудыг иргэдэд сурталчлан таниулахыг зорьж байгаа аж.

Тэмцээнд бүс бүсээс шалгарсан тус аймгийн Дархан сумын “Залуусын түүчээ” баг, Өмнөдэлгэр сумын “Соёмбо” баг, Баян-Адрага сумын “Legalinfo” баг, Баян-Овоо сумын “Жавхлант” баг, Хэрлэн дөрөвдүгээр сургуулийн “Ухаарал” зэрэг багууд оролцон өрсөлдөнө.

Аваргын төлөөх “Дэвжээ” тэмцээн багийн мэндчилгээ, урлагийн үзүүлбэр, гэрийн даалгавар, асуулт хариулт, жүжигчилсэн тоглолт, багийн ахлагчийн тэмцээн гэсэн ангиллаар явагдах юм байна. 
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ