Монгол хүн ДНЭМБ-ын Нийгэмлэгийн Удирдах зөвлөлд сонгогдов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-10-31 12:36:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн нийгмийн эрүүл мэндийн чиг хандлага, хүн амыг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хувь нэмрээ оруулахаар анх удаа Монгол хүн сонгогдлоо хэмээн Нийгмийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.
 
Италийн Ром хотноо энэ сарын 23-27-нд болсон Дэлхийн Нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудын нийгэмлэг /ДНЭМБН/-ийн чуулга уулзалтад Монгол Улсаа төлөөлөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, Азийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн сүлжээний дэд ерөнхийлөгч Б.Цогтбаатар оролцов.

Уулзалтаар дэлхийн хүн амын эрүүл мэндийг сайжруулах арга замууд, сүүлийн үед гарч буй халдварт өвчин болон нийгмийн эрүүл мэндийн ирээдүйн чиглэл, хэтийн төлөв, байгууллагын хөгжлийн талаар ярилцсаны дотор агаарын бохирдол, хүүхдийн эрүүл мэнд, нас баралтаас урьдчилан сэргийлэх, хянах чиглэлийг түлхүү хэлэлцсэн байна.

Энэ үеэр ДНЭМБН-ийн Удирдах зөвлөлд гурван гишүүнийг нөхөн сонгосон бөгөөд хоёр үе шаттай болсон сонгуулиар Ази тивийг төлөөлөн НЭҮТ-ийн Ерөнхий захирал Б.Цогтбаатар сонгогдлоо. Мөн Этиопын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Ebba Abbate, Германы Роберт Кохын нэрэмжит институтын захирал Lothar Wieler нарыг сонгожээ.

Тус нийгэмлэгт 90 гаруй орны 120 гаруй нийгмийн эрүүл мэндийн байгууллага гишүүнчлэлтэй аж.
 Ж.Болор
Холбоотой мэдээ