"Дэглий цагаан" нисэх буудалд бүсийн сургуулилт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-10-28 20:23:07
Увс /МОНЦАМЭ/. “Дэглий цагаан” нисэх буудалд ИНЕГ-ын баруун бүсийн нисэх буудлуудын бүрэн хэмжээний дасгал сургуулилт энэ сарын 27-нд зохион байгуулагдлаа. Нисэх буудал, зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилготой тус сургуулилт нь баруун бүс нутагт анх удаагаа зохиогдож байгаа аж.
Энэхүү арга хэмжээнд ИНЕГ-ийн тэргүүн дэд дарга Д.Алтанцомоор ахлуулсан ажлын хэсэг, Увс аймгийн “Дэглий цагаан”, Баян-Өлгий аймгийн “Өлгий”, Завхан аймгийн “Доной”, Ховд аймгийн “Ховд”, Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудлын ажилтан албан хаагчид, Увс аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Цэргийн штаб, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлэг, Тагнуулын газар, Гаалийн газар, Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123-р ангийн Сапёрын бүлэг, Хилийн 0245-р ангийн бие бүрэлдэхүүн оролцсон өргөн хүрээтэй ажил болсон юм.
ИНЕГ-аас ирсэн баг бүрэлдэхүүний зүгээс тус арга хэмжээнд мэргэжлийн талаас хангалттай үнэлгээг өгч, өндөр түвшинд зохион байгуулсан Увс аймгийн ЗДТГ, “Дэглий цагаан” нисэх буудал болон бусад байгууллага, албан хаагчдад баяр хүргэж амжилт хүслээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ