Бизнес эрхлэгчид сав, баглаа, боодлын талаарх сургалтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-24 16:45:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас "Адра-Монгол" Олон Улсын байгууллагатай хамтран бизнес эрхлэгчдэд сав, баглаа, боодлын эрүүл, аюулгүй байдал, зохистой хэргэлээний талаарх сургалтыг өнөөдрөөс зохион байгуулж эхэллээ.

Уг арга хэмжээнд аймгийн төв болон хөдөө сумдаас 160 иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна. Сургалтыг "Монголын Сав Баглаа Боодол Үйлдвэрлэгчдийн Нэгдсэн Холбоо"-ны гишүүн, сургагч багш Б.Бахыт удирдан явуулж байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас явуулсан судалгаагаар манай улсын нийт өрхийн 90 хувь нь хуванцар сав хэрэглэдэг бөгөөд хүнсний бүтээгдэхүүн хадгалах зорилгоор нэг өрх дунджаар 20-100 литрийн багтаамжтай 3-4 ширхэг зориулалтын бус хуванцар сав ашигладаг гэсэн дүн гарчээ. Мөн хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглэгээ, эрүүл мэндийн нөлөөлөл, зохистой хэрэглээний талаарх мэдлэг судалгаанд хамрагдагсдын 78 хувьд нь дутмаг байгааг тогтоосон байна. Тийм учраас зориулалтын бус хуванцар савнаас бохирдсон хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 61 тоот тогтоолоор "Сав, баглаа, боодол дэд хөтөлбөр"-ийг баталжээ.

Энэхүү дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, үйлдвэрлэгчдэд сав, баглаа боодлын ач холбогдлыг таниулах, мэдээлэл хүргэх, улмаар бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэхэд өнөөдрийн сургалтын ач холбогдол оршиж байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны дарга С.Лара онцолж байна.  

Сав, баглаа, боодлын сургалт энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ