С.Батбаяр:Ажил олгогчийн шаардлага хангасан боловсон хүчнийг л бэлтгэх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-10-17 13:02:00
Дархан-Уул/МОНЦАМЭ/ Дархан-Уул аймаг дахь мэргэжлийн боловсролын “Дархан-Өргөө” Политехник Коллежийн захирал С.Батбаяртай сургуулийнх нь 40 жилийн ойн өмнө уулзаж ярилцлаа

-Танай сургууль анх хэдийд байгуулагдсан, ямар ямар түүхэн замналыг туулав?
-Манай сургууль нь 1977 онд анх барилгын техник мэргэжлийн сургууль нэртэйгээр байгуулагдсан. Үүнээс хойш тасралтгүй 40 дэхь жилдээ сургалт явуулж байна. Байгуулагдсанаас хойш хэд хэдэн удаа нэр нь өөрчлөгдөж байсан. Тодруулж хэлбэл тухайн үеийн нэрээр МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 20 дугаар тогтоолоор 1977-1978 оны хичээлийн жилээс Дархан хот дахь Барилгын техникум нэртэйгээр анх байгуулагдсан. Дараа нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 418 дугаар тогтоолыг үндэслэн Барилгын техникум нь Барилгын яам, Ардын Боловсролын яамны хавсарсан 100/201 тоот тушаалаар татан буугдаж мөн оны долдугаар сард Материалын техник мэргэжлийн III дунд сургуультай нийлж Барилгын сургалтын төв болсон бол Барилгын сургалтын төв нь 1992 онд Барилгын шаталсан сургалтын төв болж өөрчлөгдсөн. Улмаар Барилгын шаталсан сургалтын төв нь Монгол улсын Гэгээрлийн сайдын 2000 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 129 тоот тушаалаар 2000 оны найм дугаар сард төрийн өмчит Дархан-Өргөө сургууль болж арван жил болоод Мэргэжлийн Боловсрол, Сургалтын газрын даргын 2012 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 19 тоот тушаалаар “Дархан-Өргөө Политехник коллеж” болж өргөжсөн.
-Сургалтын үндсэн зорилго нь өөрчлөгдөөгүй ч нэрийг нь олон удаа сольж байсан юм байна. Хамгийн сүүлд нь Политехник коллеж болсон нь сургалтын үйл явц өргөжсөнтэй холбоотой юу?
-Барилгын шаталсан сургалттай Дархан-Өргөө сургууль нь багшлах боловсон хүчин, сургалтын орчин, материаллаг баазаа нэмэгдүүлснээр 2012 онд Дархан-Өргөө Политехник коллеж болон өргөжиж тэлсэн. Ингэж өргөжсөнөөр сургууль маань Сургалтын, Нийгмийн түншлэл болон Захиргаа аж ахуйн гэсэн гурван албатай болсон. 2011-2012 оны хичээлийн жилд захирал Ж.Нүрзэдийн удирдлагад ажиллаж байсан багш, сурган хүмүүжүүлэгч, албан хаагчид нь сургуулийн гадаад болон дотоод өнгө үзэмжийг сайжруулахад онцгой анхаарч гадаадын хөрөнгө оруулалт, төсөлт хөтөлбөр боловсруулж амжилттай хэрэгжүүлдэг байсан л даа.
-Танай сургууль тэр үеэс хойш гадаад дотоодын ямар ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бэ? Тэдгээрийн үр дүнд сургалтын орчин нөхцөл материаллаг баазыг бэхжүүлсэн гэж сонссон? Тодорхой жишээ болгож заримаас нь ярина уу?
-
Тэгьеэ. “Монголын мянганы сорилтын сан”-гаас 75 мянган долларын хөрөнгө оруулалттай том төсөл хэрэгжүүлж чадсан. 2012-2013 оны хичээлийн жилд “Чех Каритас” төслийн шугамаар “Багш хөгжлийн төв” байгуулж ажилласан. Улмаар олон төсөл хөтөлбөр боловсруулснаар АНУ-ын “Мянганы Сорилтын корпораци”-ийн санхүүжилтээр ММСС, Мэргэжлийн боловсрол, Сургалтын төслийн хүрээнд шинээр Мехатроникийн лаборатори, Гагнуурын симулятори, Хүнд машин механизмын симуляториудыг байгуулсан. НТОНХА-ны хамт олон сургуулийнхаа багш сурган хүмүүжүүлэгчид болон Дархан-Уул аймгийн ажил олгогч байгууллагуудын хэрэгцээнд тулгуурлаж “Ажил мэргэжлийн үйлчилгээний төв” төсөл бичиж үүний үр дүнд АНУ-ын Энх тайвны корпусын мэргэжилтэн Megan-тэй хамтран ажиллаж байлаа.
-Цөөнгүй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажилласан юм байна. Ийм олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээр ямар үр дүн гарсан бэ?
-
Төслийн хүрээнд багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан суралцагчид, ажил олгогч нарын дунд сургалт зохион байгуулсан. Тухайн үед захирлаар ажиллаж байсан Т.Отгонбат нь суралцагсад, төгсөгчдийн ур чадварыг нэмэгдүүлж орчин үеийн дэвшилтэт технологийг үйлдвэрлэлийн орчинд ашиглах мэдлэг, дадал, чадвартай төгсөх бололцоогоор хангах зорилгоор Хөдөлмөрийн Яамны хөрөнгө оруулалтаар Засал чимэглэлийн дадлагын газрыг 88,7, Гагнуурын дадлагын газрыг 87,8, Бетон арматурын дадлагын газрыг 72,9 сая төгрөгөөр тус тус шинэчилж сургалтаа явуулж байлаа.
-Ингэхэд танай сургууль ямар ямар мэргэжлээр элсэлт авч хэдэн жилээр сургаж байгаа вэ? Мөн багшлах боловсон хүчний хувьд ямар вэ?
-Манай сургууль нь  одоо хоёр алба, гурван тэнхим, нийт 100-гаад багш ажиллагсад, 865 оюутан суралцагчидтайгаар сургалт, хүмүүжлийн  ажлыг явуулж байна. Техникийн боловсролын тэнхим нь есөн мэргэжлээр, Мэргэжлийн боловсролын тэнхим нь 11 мэргэжлээр оюутан суралцагчдад техникийн болон мэргэжлийн боловсрол олгодог. Мөн бүх мэргэжлээр захиалгат  болон түр сургалтуудыг явуулдаг. Багшлах боловсон хүчнийг мэргэжлийн зэргээр нь авч үзвэл: Зөвлөх багш нэг, тэргүүлэх багш 13, заах аргач багш 22, боловсролын зэргээр нь авч үзвэл: докторант нэг, магистр 31, бакалавр 43 байна. Манай сургуулийн багш нар Дархан-Уул аймгийн ИДМСК-ийн спортын уралдаан тэмцээнд сүүлийн гурван жил дараалан Тэргүүн байр эзлэж үүрд хадгалах “Цом”-ын эзэн болсон зэрэг амжилтуудыг гаргасан шилдэг сургууль юм.
-Танай сургуультай байнгын холбоотой ажилладаг ямар ямар байгууллага байдаг вэ? Ийм олон мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байгаа сургууль ч гэлээ төгсөгч бүхэн нь ажлын байртай болдог гэж сонссон?
-Ер нь манайх гол төлөв барилгын мэргэжлийн бөоловсон хүчнийг бэлтгэдэг болохоор барилгын байгууллагуудтай байнгын холбоотой ажилладаг. Оюутнууд маань үйлдвэрлэлийн дадлагаа барилгын байгууллагуудад хийгээд өндөр сэтгэгдэлтэй буцаж ирдэг. Тэднийг төгсөх үеэр дадлага хийсэн газраас нь ажлын байрны урилга ирж ажилтай болоход нь бид их баяртай байдаг. Манай төгсөгчид чинь Дарханыхаа барилгын компаниудаас гадна Улаанбаатар болон бусад аймаг хотуудын барилгын байгууллагуудад очиж ажилладаг. Тэд манай төгсөгчдийн ажилд авах их дуртай байдаг нь манай сургуулийн сургалт сайн байгаагийн илрэл гэж бид сэтгэл хангалуун байдаг даа. Манай төгсөгчдийн ажиллаж байгаа аль ч барилгын байгууллагууд бидэнд “Танай сургуулийн суралцагсад их чадварлаг, мэргэжлийн хувьд их сайн бэлтгэгдэж бидний тавьж байгаа мэргэжлийн ур чадварын шаардлагыг хангаж байна” гэж үздэг. Манай сургуулийн эцсийн зорилго бол ажил олгогчийн тавьж байгаа мэргэжлийн шаардлагыг хангасан өндөр ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэж гаргахад чиглэгддэг. Бид энэ үүргээ хангалттай биелүүлж байна гэж үздэг гэлээ.
                                                                                                                                          
 Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ