"Judo For The World" баримтат киноны 12 дугаар ангийг Монголд хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-10-13 21:35:11

ЛОЗАННА. /IJF/. Олон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ/ “Judo For The World” баримтат киноныхоо 12 дугаар ангийг энэ оны наймдугаар сард Монголын Баянхонгор аймагт хийжээ. Баянхонгор нь Монгол Улсын Ерөнхийлөгч бөгөөд Монголын Жүдо бөхийн холбооны тэргүүн Х.Баттулгын уугуул нутаг юм.

Энэ баримтат киноны эхний ангийг жүдогийн эх орон Японд 2015 онд хийж байсан аж. ОУЖБХ-ны баримтат киноны хамт олны зочилсон 12 дахь орон нь Монгол болсон байна.

Тухайн орны иргэдийн аж амьдралд жүдо бөхийн спорт хэрхэн эергээр нөлөөлж буйг харуулах нь энэ киноны гол зорилго аж.

“Грекийн алдарт жүдоч, дэлхийн гурван удаагийн аварга бөгөөд олимпийн аварга Илиас Илиадис киноны хамт олонтой 10 хоног хамт явж, зураг авалтад оролцсон. Монгол оронд очих нь түүний нэг мөрөөдөл байсан” гэж ОУЖБХ-ны цахим хуудаст бичжээ.

Мөн  Францын “Pour Sourire” ТББ-ын шүдний эмч нар киноны хамт олонтой аялсан бөгөөд Баянхонгор аймгийн тэр бүр төв суурин газар орж чаддаггүй 1000 орчим хүний шүдийг үзэж, эмчилж өгсөн байна.

https://www.youtube.com/watch?v=alOBnmYAhMY&list=PLcThtoN6E0szWYgOBIAsz2WFB4JQFP4CD










Г.Доржханд
Холбоотой мэдээ