Иргэд Зөрчлийн тухай хуулийг ойлгоогүйн улмаас торгуулж байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-13 14:44:52

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Иргэд өнгөрсөн 7 дугаар сараас хүчин төгөлдөр болсон Зөрчлийн тухай хуулийг ойлгоогүйгээс болж торгууль ихээр төлж байна.

Уг асуудал ялангуяа улсын бүртгэлийн хугацаа заасан бүртгэлтэй холбоотой ихээр гарч байгааг аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс мэдээллээ. Жишээлбэл, шинээр төрсөн хүүхдийг 30 хоногийн дотор бүртгүүлэх, 16 нас хүрсэн хүүхэд 30 хоногийн дотор иргэний үнэмлэх авсан байх, иргэний үнэмлэхийн хугацаа дууссан иргэд мөн 30 хоногийн дотор сунгуулах ёстой ажээ. 

Зөрчлийн тухай хуульд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд иргэдийг 20-30 нэгж, хуулийн этгээдийг 250-300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг байна. Тус хууль мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд аймгийн хэмжээнд 225 иргэнд торгуулах арга хэмжээ авагджээ.

Иймд ард иргэдэд тухайн хуулийг сурталчлан ойлгуулах, иргэдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах шаардлагатайг дээрх жишээ харуулж байна. 


Ө.Нурболат

Холбоотой мэдээ