Аймгийн сарын хэрэгцээг хангах шатахуун нөөцлөх агуулахтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-12 15:41:53
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Тэс петролиум" компанийн Өлгий хотод барьсан 2000 тонн багтаамжтай шатахуун хадгалах агуулах болон шатахуун түгээх станц өнөөдөр ашиглалтад орлоо.

Тус агуулах ашиглалтад орсноор Баян-Өлгий аймгийн нэг сарын хэрэгцээг хангах хэмжээний шатахуун нөөцлөх боломж бүрджээ. Компанийн зүгээс уг бүтээн байгуулалтад 3 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулсан байна.

Агуулахын нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар оролцож баяр хүргэлээ. Аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ: "Шатахуун түгээх станц, агуулах барьж, манай аймгийн 20 гаруй иргэнийг ажлын байраар хангаж байгаа «Тэс петролиум» компанид аймгийн нийт ард иргэдийн өмнөөс талархал илэрхийлье. Баян-Өлгийд "Ник-Петровис", "Рысжан", "Шунхлай", "Магнай трейд" зэрэг компаниуд үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэдний эгнээнд өнөөдөр "Тэс петролиум" орж байна. Үйлчилгээ үзүүлдэг компанийн тоо нэмэгдсэнээр зах зээлд өрсөлдөөн бий болж, үнэ буурна. Хямд, чанартай шатахуунаар хангах боломж бүрдэнэ" гэдгийг онцоллоо.   

Шинэ агуулах болон шатахуун түгээх станц үйл ажиллагаагаа эхэлсэнтэй холбогдуулан компанийн зүгээс хөнгөлөлтийн карт эзэмшигчдэд авсан шатахууныхаа литр тутамд 150 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр зарлажээ. Мөн эхний 50 хэрэглэгч тус бүрт 5 л шатахуун үнэгүй олгож, эхний 500 хэрэглэгчид гарын бэлэг өгөх ажээ. 
Ө.Нурболат
Холбоотой мэдээ