Испанийн Каталони муж тусгаар тогтнолоо тунхаглахаа түр хойшлуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-10-11 09:53:50
БАРСЕЛОНА. /Ройтерс/. Мадридтай яриа хэлэлцээ хийхийн тулд тусгаар тогтнолоо тунхаглан зарлахаа хэдэн долоо хоногоор хойшлуулж байгаагаа Испанийн Каталони мужийн удирдагч мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжилжээ.

Каталонийн захирагч Карлес Пьигдемон мягмар гарагт Барселона хотноо мужийн парламентад үг хэлэхдээ “10 дугаар сарын 1-нд явуулсан бүх нийтийн санал асуулгад оролцогчдын олонхи нь Испаниас тусгаар тогтнохыг дэмжсэн. Өөрөөр хэлбэл, Каталони тусгаар улс болох бүрэн эрхтэй болсон. Өнөөдөр бид тусгаар тогтнолоо тунхаглан зарлах тухай холбогдох баримт бичигт гарын үсэг зурлаа. Гэхдээ Каталонийн ард түмний хүсэл шаардлагыг хангахын тулд бид Испанийн Төв Засгийн газартай яриа хэлэлцээ хийх зорилгоор тусгаар тогтнолооо албан ёсоор тунхаглан зарлахаа түр хойшлуулаад байна” гэжээ.

Гэхдээ түүний энэ үгийг тусгаар тогтнолоо зарласантай адил гэж Испанийн Засгийн газар үзэж байна гэж орон нутгийн эх сурвалжууд мэдээлж байна. Мадрид Каталони руу чиглэсэн хатуу чиг шугам баримтлах, тухайлбал өөртөө засах эрхийг нь түдгэлзүүлж магадгүй учир Испанийн Засгийн газар болон Каталони хоорондын зөрчил улам гүнзгийрч болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.

Испанийн хамгийн баян чинээлэг мужуудын нэг болох Каталонид "Авч байгаагаасаа илүү их мөнгийг Мадридад буюу Испанийн төв засгийн газарт өгч байна" гэх яриа тархах болсон нь тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахад хүргэсэн юм.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ