Жилд хоёр удаа төсөвтөө тодотгол оруулдаг жишгийг халах ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-10-10 12:47:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр өргөтгөсөн хурал хийсэн талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа, Л.Болд нар мэдээлэл хийв. 

Тус намын бүлгийн хувьд 2017 оны Төсвийн тодотголыг хэлэлцэхийг эсэргүүцэж байгаа бөгөөд шинэ бүрдэх Засгийн газар Төсвийн тодотголыг боловсруулах ёстой хэмээн үзэж байгаа аж. Учир нь огцорсон Засгийн газар Төсвийн хууль зөрчсөн алдаатай тодотгол боловсруулж,  500 тэрбум төгрөгийг үр ашиггүй хуваарилах гэж байна гэж шүүмжилж байв. 
УИХ-ын гишүүн Л.Болд "Өнөөдөр Төсвийн тодотголын асуудал маш хангалтгүй байна. Төсвийн хууль нь өөрөө хулгайн аргаар оруулж ирж байгаа, тун хангалтгүй боловсруулсан хууль болсон. Ийм муу Төсвийн хуулийг өргөн барихыг эсэргүүцэж байна" гэв. 
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Сүүлийн үед хэвлэл мэдээллээр шинэ Засгийн газрыг давхар дээлтэй байна гэж ярьж байгаа. Ерөнхий сайдтай уулзах үеэр бид тодорхой санал хэлсэн. Үүнийгээ ч дахин хэлье. Хүүхдийн мөнгийг олгох,  багш нарын цалинг ур чадварыг нь харгалзан олгох, шүүхээр буцаан томилох шийдвэр гарсан бол ажлаасаа, халагдсан төрийн албан хаагчийг буцаан томилох,  ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг Засгийн газрын гишүүнээр томилохгүй байх, чиг үүргийн яамдуудаас бусад нь давхар дээлгүй байх, дэд сайдгүй байх гэсэн үндсэн 6 шаардлага тавьж байна" гэв.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Жилд  хоёр удаа төсөвтөө тодотгол оруулдаг энэ жишгийг халах ёстой. Ингэхийн тулд Төсвийн хуульд өөрчлөлт оруулж,  нэгэнт баталсан төсөвт тодотгол хийдэггүй байхаар тусган,  эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй" гэсэн байр суурь хэлж байв. 
Тиймээс тус бүлэг төсвийн тодотголтой уялдуулж дүгнэлт гаргасан бөгөөд УИХ-ын чуулганд уншиж, танилцуулахаар болжээ. Түүнчлэн төсвийн орлого давах бүрт тодотгол хийх шаардлагагүй гэдгийг сануулахаар болжээ.
Дараа нь тус бүлгийн гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Давхар дээлтэй сайдууд ороод ирвэл АН-ын бүлэг хэрхэн хүлээж авах юм бэ. Дэд сайдтай орж ирэхээр харагдаж байна?
-“60 тэрбум” бол ашиг сонирхлыг зөрчил. Жишээ нь өөрөө уурхайтай хүн Уул уурхайн сайд болно гэвэл ашиг сонирхлын зөрчил. Тиймээс энэ асуудал дээр АН-ын бүлэг тодорхой байр суурьтай байгаа. Тэнцвэртэй, зөв байх ёстой.
 
-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдчихсан байгаа. Тэгэхээр цалин нэмэх боломж байгаа юм уу? Чингис бондын асуудал бас яригдаж байна?
-Д.Эрдэнэбат: Хүүхдийн мөнгийг дараа оныхоо төсөвт суулгаагүй байж бэлнээр тараасан. 290 тэрбумыг концессын эргэн төлөлтөд төлөхөөр харагдаж байна. Энэ мөнгийг заавал Төсвийн тодотголд суулгах шаардлага байсан уу үгүй юу гэдгийг ярилцах ёстой. У.Хүрэлсүхийн Засгийн газар ОУВС-гийн шаардлагыг эргэж харах ёстой гэж үзэж байгаа. Үүнд зөвшөөрөх ч зүйл бий, зөвшөөрөхгүй ч зүйл бий шүү дээ. Чингис бондын асуудлыг битгий улс төржүүлээрэй.
-З.Нарантуяа: Төсвийн орлого давчихсан байгаа үед ОУВС-тай тохирсон тохироо байгаа гэж харж байгаа. Төрийн албан хаагчдын буюу эмч, багш нарын цалинг нэмэх шаардлагыг эргэж харах ёстой юм. Мөн малчдын орлогыг нэмэгдүүлэх асуудал руу анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Энэ асуудал руу эргэж нэг харах шаардлагатай. Төсвийг тодотгох болгонд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж, хуулиар тогтоосон алдагдлын хэмжээ болон Засгийн газрын өрийн хэмжээг нэмдэг байдлаа болих хэрэгтэй. Төсвийн орлого буурах, зардлаа хэмнэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд төсөвт тодотгол хийдэг. Гэтэл хуулийн үндэслэл бий болоогүй байхад тодотгол хийгээд байна. Хуулийн хэрэгжилтийг бүх шатанд мөрдөхөө больсон.
Ж.Батзандан: Миний өмнө гадаад өрийн статистик байна. 2016 оны зургадугаар сарын 30-нд Засгийн газрын өр 4 тэрбум 785 сая ам.доллар байсан. 2017 оны зургадугаар сарын 30-нд 6 тэрбум 16 сая ам.доллар болж нэмэгджээ. Нэг тэрбум ам.долларыг юунд зарцуулсан бэ гэж гайхмаар. МАН-ынхан ганцхан жилийн дотор “Чингис” бондтой дүйцэх хэмжээний үнэт цаас гаргажээ. Гэхдээ бүтээн байгуулалт хийгээгүй, ажлын байр нэмэгдээгүй. Өнгөрсөн жил 580 сая евро бондын төлбөрийг “Хуралдай” бонд гаргаж төлсөн.

-Өчигдөр Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг шүүх дээр хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. Энэ асуудалд АН-ын бүлгийн зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?
-Д.Эрдэнэбат: Шүүхийн шийдвэр бол шүүхийн шийдвэрээрээ л байх ёстой.
Ж.Батзандан: АН-ын олон гишүүд өнөөдрийг хүртэл шударга шийдвэр гаргуулахаар явж ирсэн. 49 хувь бол ард түмний өмч байх ёстой. Ард түмэнд энэ хувь эргэж ирэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ