Онцын шаардлагагүй тохиолдолд замд гарахгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-09 22:13:03
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Онцын шаардлагагүй тохиолдолд мөн зуны дугуйтай тээврийн хэрэгслээр хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар их хэмжээний нойтон цас орж өдөртөө хайлж, шөнөдөө хөлдөж байгаагаас хальтиргаа гулгаа үүссэн хэвээр байна. Тодруулбал Дархан-Уул, Эрдэнэт, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Төв аймгийн автозамуудад замын гадаргуу мөстсөн, цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал, ялангуяа зуны дугуйтай тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байгаагаас шалтгаалан зарим тээврийн хэрэгслүүд замаасаа буцах, зам тээврийн осол, хэрэг гаргах, цасанд суух, зарим даваа, гүвээ хаагдах зэрэг аюултай нөхцөл байдлыг үүсгэж байна.
Иймд онцын шаардлагагүй тохиолдолд хөдөө, орон нутгийг зорихгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд өвлийн дугуйтай, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Мөн замын нөхцөл байдлаас шалтгаалан зохистой хурдыг сонгох, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэх зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ