С.Амарсайхан: Төр, захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэхээс ажлаа эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-10-09 14:05:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын даргаар сонгогдсон С.Амарсайхан бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаандаа хийх ажил, баримтлах зарчим, төлөвлөгөөнийхөө талаар НИТХ-ын ээлжит хуралдаанд үг хэллээ. 

Тэрбээр НИТХ-ын тамгаа гардаж авсны дараа хэлсэн үгэндээ "Надад итгэл үзүүлж нийслэлийн эрх барих дээд байгууллага буюу НИТХ-ын даргад нэр дэвшүүлж, сонгосонд талархаж байна. Олон сарын турш зогсонги байсан НИТХ-ын үйл ажиллагааг гацаанаас гаргаж, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломж нээлээ. Улсын нийгэм эдийн засгийн цөм, улс орны хөгжил дэвшлийн толь болсон Улаанбаатар хотын урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих эрх үүргийг энд суугаа 45 төлөөлөгч та бидэнд нийслэлчүүд олгосон. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд НИТХ-ын гүйцэтгэх удирдлагын баг, цаашлаад харьяа хэлтэс, газар, албаны үйл ажиллагааны уялдаа холбоо хангалтгүй, ажлын гүйцэтгэл, хариуцлага сул, ажил үүргийн хуваарилалт оновчтой биш, төлөвлөсөн төсөл хөтөлбөр, өдөр тутмын ажил ч удаашралтай явж, нийслэлчүүдийн хүсэн хүлээсэн хэмжээнд хэрэгжээгүй тул бид цаг алдалгүй асуудлыг хөндөж, засах зайлшгүй шаардлагатай байсан. Тиймээс МАН-ын гишүүд бид нам нэрээр нүдээ боож, чихээ бөглөж, аливаад олонх гэж хүч түрэх ёсгүй гэж үзсэн. 
Төрийн албаны ёс зүй, сахилга бат, хариуцлагыг хэн нэгэн гуйж, гуйлгаж, асууж, аргадаж, хэлж хүлээх биш харин шат шатандаа хэрэгжүүлж, хэвшүүлж, хянаж, шаардаж ажиллах ёстой. Албан тушаал, эрх мэдлийг хувийн сонирхлоо гүйцэлдүүлэх өөрт оногдсон ховорхон боломж гэж хандах бус харин өөрчлөлт шинэчлэлт хийх өндөр үүрэг хариуцлага гэдгийг шат шатандаа ухамсарлах ёстой. Ажил гацаасан хариуцлагагүй үйлдэл, аминчхан, явцуу сэтгэлгээ, хэт намчирхал туйлшралд эрс шийдвэртэй эсэргүүцэгч нь байх зарчмыг би хариуцлагатай баримталж ажиллана. Хотын утаа, хог бохирдлоо шийдэж чадаагүй хэрнээ хоосон намчирхаж, хоорондоо тэмцэлдээд хол бид явахгүй гэдгийг бидэнд хатуу сургаж, сануулсаар байна. 
Эдийн засгийн өсөлтөөрөө, хүний хөгжил, оюуны чадавхаараа, хот төлөвлөлтийн дэвшилтэт бодлого шийдлээрээ, хүн амьдрахад таатай эрүүл аюулгүй нөхцөлөөрөө дэлхийд тэргүүлэх монгол хүн бүрийн бахархал болсон их хотыг хамтдаа цогцлоож, хөгжүүлэх эрх үүрэг төлөөлөгчид та бидний төдийгүй нийслэлчүүдийн хол зорих зам байх ёстой" гэлээ.  

Тэрбээр нийслэлд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлынхаа талаар хэлэхдээ, юун түрүүнд нийслэлийн төр захиргааны байгууллагын бүтэц зохион байгуулалтыг шинэчилж, оновчтой зохион байгуулах, албан тушаалтны эрх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, хүний нөөц, боловсон хүчний ур чадвар, ажлын гүйцэтгэл бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, ёс зүй, сахилга батыг дээшлүүлж, хүнд суртал, авлига, төсөл тендерийн цавчааг шат шатанд нь таслан зогсооно гэлээ. Цаашлаад хөгжлийн шинэ шийдэл бүхий нэгдсэн стандартыг нийслэлд бий болгож, ухаалаг хотын шийдлийг интернет холбоо мэдээллийн шилдэг технологийг уялдуулан нэвтрүүлэх, гэр хорооллын хөгжил, орон сууцжуулах шийдлийг оновчтой тодорхойлох, утаа, агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлж, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг яаралтай эхлүүлэх зэрэг олон ажил хийх шаардлагатай байгааг хэлж байв. 

Тамга тэмдгээ гардаж, бүрэн эрхээ баталгаажуулсны дараа НИТХ-ын дарга С.Амарсайхан сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-НИТХ-ын даргын хувьд ажлаа хаанаас эхлүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Хамгийн түрүүнд нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, ажлын уялдаа холбоо, цаашлаад ажлын гүйцэтгэл, үр дүнд анхаарч ажиллана. Үүний зэрэгцээ төрийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчдын хариуцлага, ёсзүй, сахилга бат, дэг журам, хүнд суртал гэсэн иргэдийн байнга гомдол дагуулдаг асуудлуудыг цэгцлэхээс бүх ажлын суурь тавигдана гэж бодож байна. Мөн бидний өдөр тутмын ажил амьдралтай салшгүй холбоотой байдаг тулгамдсан олон ажлуудыг хийнэ. Бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийд танигдсан хотыг бий болгож, хөгжүүлэх ажлыг НИТХ-ын төлөөлөгчид хийж хэрэгжүүлэх ёстой гэдэгт хатуу байр суурьтай байгаа. 

-Өмнөх дарга Ц.Сандуй даргыг огцруулах үндэслэлд 60 тэрбумын гэх албан тушаал наймаалцсан хэрэг гол байр суурийг эзэлсэн. Авлига, хээл хахуулийн асуудлыг хэрхэн таслан зогсоох вэ?
-Албан тушаалтан, төр захиргааны байгууллагын бүх шатанд үйл ажиллагаа явуулж байгаа боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх ёстой. Үүний зэрэгцээ бүх ажлыг хууль журмын дагуу явуулахад хяналт тавьж, үр дүнг нь тооцож ажиллах ёстой. 

-Таныг НИТХ-ын даргад нэр дэвшиж байх хугацаанд "Оюуны ундраа" компани Зайсангийн аманд их хэмжээний газар авсан гэх мэдээлэл явсан. Үүнд тайлбар өгөөч? 
-"Оюуны ундраа" компани хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ компанийг газар эзэмшиж болохгүй, бизнес хийж болохгүй гэж хуулиар хэн ч хориглоогүй. Бид ардчилсан оронд амьдарч байгаа. Бид хуулийн хүрээнд, хууль ёсны шаардлагыг биелүүлэн бүтээн байгуулалт, ажил хийж байна. Хууль зөрчиж үйл ажиллагаа явуулах эрх бидэнд байхгүй. 

-НИТХ дахь АН-ын бүлэг хурлын өмнө нэр дэвшигчдийг хүлээн авч уулзсан. Ямар асуудал хөндсөн бэ?
-АН-ын бүлэгтэй ямар нэгэн тохироо хийгээгүй. Бид өнөөдөр шударгаар өрсөлдөж танхимд байгаа нийт төлөөлөгчийн олонх саналаа өгснөөр би НИТХ-ын даргаар сонгогдлоо. Цаашдаа ч олонх, цөөнх гэж аливаа асуудлыг ялгаж салгахгүйгээр, нийслэлчүүдийн, улс орны эрх ашгийн төлөө зөвтэй нь нийлж, буруутай нь тэмцэлдэж, нийтийн эрх ашгийг өмнөө тавьж ажиллана. 

-Төсвийн сахилга батыг хэрхэн барьж ажиллах вэ?

-Төсвийн сахилга батыг бид байнга ярьдаг. Тухайн ажилтны ажлын үр дүнг тооцож, илүү өндөр зохион байгуулалттай, чиг үүргийн давхцлыг арилгаж, ажил үүргийн хуваарийг ойлгомжтой болгож эргээд хяналт, үр дүнг тооцдог байх механизмыг бүрдүүлнэ. 

-Хотын дарга С.Батболдыг огцруулна гэсэн мэдээлэл гараад байна. Үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Энэ асуудалд ямар нэгэн байр суурь илэрхийлэх боломжгүй. Цаашдаа улс төржиж, асуудлыг дэврээж дэгдээж, ямар нэгэн байдлаар хувийн, эсвэл хэсэг бүлгийн ашиг сонирхлоор ажил явах ёсгүй гэж үзэж байгаа. 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ


 

Холбоотой мэдээ