240 тэрбум төгрөг байсан Хөгжлийн банкны хөрөнгийн хэмжээ 6.9 их наяд төгрөгт хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
ariunzaya@montsame.mn
2017-10-06 18:02:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улс орны хөгжлийг дөтлөх Хөгжлийн банк жил гаруйн өмнө 1.3 их наяд төгрөгийн алдагдалд орж, дампуурал зарлах хэмжээнд хүрлээ хэмээж байсан. Тэгвэл тус банкны үйл ажиллагаа тогтворжиж, өөрийн хөрөнгөө зузаатган айх аюулаас мултарсан хэмээн шинэ удирдлагын баг онцолж байна. Хөгжлийн банкны удирдлагууд жилийн хугацаанд хийсэн ажлаа өнөөдөр сэтгүүлчдэд  тайлагнасан юм.
 
ЗУРГААН ЖИЛ ХЭРЭГЖСЭН ХУУЛИЙГ ШИНЭЧИЛСНЭЭР ЭЕРЭГ ҮР ДҮН ГАРЧЭЭ

Өмнөх хуулийн боловсронгуй бус байдал Хөгжлийн банкийг хойш татан үр ашигтай ажиллах боломжийг бууруулсан хэмээн тухайн үед дүгнэж байсан. Харин шинэ хууль батлагдан мөрдөгдсөнөөр энэхүү хүлээс тайлагджээ. Шинэ баг урт хугацаанд  юун дээр төвлөрч ажиллах вэ гэдгээ тодорхойлон эрхзүйн орчны шинэчлэл хийх, гадаад бодлого, үйл ажиллагааны найдвартай байдалд анхаарах, эхний ээлжинд төлбөр тооцоог хийж дуусгах, дүрмийн сангаа нэмэгдүүлэх, гадаад валютын ханшийн эрсдэл үүсгэхгүй байх зэрэгт анхаарч ажилласан байна.

Түүнчлэн үйл ажиллагааны төрөлжүүлэлтэд анхаарал хандуулжээ.  Тухайн үед гадны зээл өгсөн байгууллагууд Хөгжлийн банкны санхүүгийн байдалд эргэлзэж хугацаанаасаа өмнө  татах эгзэгтэй үе ирснийг тэд нуусангүй. Тиймээс нэн түрүүнд банкны балансын асуудлыг сайжруулахад анхаарч ажилласнаар гадны эх үүсвэрүүдийг хугацаанаас нь өмнө татахгүй байх яриа хэлцлийг хийж, үйл ажиллагааны цар хүрээг тэлэх шинэчлэлийг эхлүүлж, зээлийн багцын чанарыг сайжруулахад  онцгойлон анхаарсан байна. УИХ, Засгийн газраас “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг оны өмнө баталж, Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Түүнчлэн тогтоолоор улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг Засгийн газарт шилжүүлэхээр болж, шийдвэрийн дагуу ажлын хэсэг байгуулан шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэжээ.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр  “Бие даасан байдал үйл ажиллагааны  цар хүрээ, засаглалыг сайжруулахад шинэчлэн баталсан Хөгжлийн банкны тухай хууль үр дүнгээ өгсөн. Тодруулбал  өмнө нь УИХ, Засгийн газраас өгсөн чиг үүргийн дагуу санхүүжилт олгодог байсан бол шинэ хуулиар таван шаардлагыг хангасан хөтөлбөр төслийг Хөгжлийн банк бие дааж санхүүжүүлэх шийдвэр гаргах бололцоо бүрдсэн. Түүнчлэн  хяналтын тогтолцоог сайжруулсан шалгуур үзүүлэлтүүдийг шинэчлэн гаргаж, активын эрсдлийн сан байгуулах, үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх замаар хөрөнгө оруулалтын сан байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх улмаар компанийн засаглалын тогтолцоог сайжруулж, ашигтай ажиллах, ашгаас хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх зохицуулалтыг бий болгосон” хэмээн ярив.

ХӨГЖЛИЙН БАНК САНХҮҮГИЙН АМАРГҮЙ ҮЕИЙГ АРДАА ОРХИСОН ГЭВ

240 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэж байсан Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хэмжээ өнгөрсөн 9 дүгээр сарын байдлаар 6.9 их наяд төгрөгт хүрчээ . Банкны өмнөх удирдлагууд эрсдэл болон ханшийн тэгшитгэлийн алдагдлаас хамгаалах арга хэмжээг цаг тухайд нь аваагүйгээс болж банк ихээхэн хэмжээний алдагдал хүлээснийг албаныхан тодотголоо. Улмаар Засгийн газар   Хөгжлийн банк  өглөг, авлагаа нарийн тооцож, тохируулга хийснээр тус банкны актив хөрөнгө 28 хувиар, өр, төлбөр 41 хувиар  буурчээ. Ингэснээр  Хөгжлийн банкны хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл буурч, төлбөр гүйцэтгэх чадвар болон өөрийн хөрөнгийн хүрэлцээ сайжирсан байна.


ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООНЫ ҮЗҮҮЛЭЛТ:



Уулзалтын үеэр “Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн багцыг Сангийн яаманд шилжүүлж өр авлагын тооцоог хаасан. Энэ нь гадаад зах зээлд Хөгжлийн банкинд итгэх итгэлийг сэргээгээд зогсохгүй цаашлаад Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг өргөж хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн хэмээн Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат онцлов.

Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сард  Хөгжлийн банк  580 сая ам.долларын бондын эргэн төлөлтийг хийснээр актив хөрөнгийн хэмжээ 3.37 их наяд төгрөгт хүрсэн байна.  Түүнчлэн 3.9 хувь болтлоо буурсан өөрийн хөрөнгийн үзүүлэлт оновчтой  бодлогын үр дүнд 34.7 хувьд хүрснийг  Хөгжлийн банкны удирдлагууд тодотгов. Улмаар гадаад валютын нээлттэй позицийн харьцааг -521.1 хувиас 476.7 хувиар бууруулж -44.4 хувьд хүргэсэн нь ханшийн тэгшитгэлийн алдагдлаас сэргийлжээ. Мөн шинэ хуулийн хүрээнд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүссэн өр, авлагыг тооцон 348 төсөл, арга хэмжээний 3.1 их наяд төгрөгтэй тэнцэх санхүүжилтийн үлдэгдлийг төсөвт шилжүүлсэн нь хөрвөх чадваргүй активын хэмжээг бууруулж,  улсын төсөвт үүсэх дарамтыг арилгажээ.
 
 ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ 14 ХУВИАС 9.7 ХУВЬ ХҮРТЭЛ БУУРСАН БАЙНА
 
Хөгжсөн орнуудын туршлагаас харахад 30-40 жилийн хугацаатай бага хүүтэй бонд гаргаж дэд бүтцээ барьж байгуулдаг. Харин Монгол Улс таван жилийн 5.1 хувийн хүүтэй бондоор зам барьж дэлхийд байгаагүй жишиг тогтоосон. Өөрөөр хэлбэл хөгжилд хаягласан Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын дийлэнх хувийг үхмэл хөрөнгө болох замд зарцуулсан гээд өмнөх жилүүдэд Хөгжлийн банкыг тойрсон хэл ам их гарсан. Үүнийг давтахгүйн тулд шинэ хуульд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай төсөлд санхүүжилт олгож эхэлсэн байна.

Тухайлбал энэ онд боловсруулах үйлдвэр, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт 225.1 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийг олгосноос 196.0 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийг шинэ хуулийн хүрээнд олгожээ.  Үүнээс 73 хувь нь экспортыг дэмжсэн төсөл хөтөлбөрүүд аж. Тодруулбал “Алт-2 үндэсний хөтөлбөр”, Ноолуурын салбарыг дэмжсэн төслүүд, “Малын гаралтай органик протейны үйлдвэрийн төсөл“, “Хонины ноосон био бордооны үйлдвэрийн төсөл” зэрэг төслийг нэрлэж болохоор байна.



2012-2016 онд Хөгжлийн банкны зээлийн багцын 40 орчим хувийг төслийн орлогоос эргэн төлөгдөх зээл бүрдүүлж байв.  Харин одоо 100 хувь төслийн орлогоос эргэн төлөгдөх 2.95 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний 1670 төсөл байгаа аж. Мөн улсын төсвөөс эргэн төлөгдөх 3.1 их наяд төгрөгийн зээлийн багцыг Засгийн газарт шилжүүлсэн бөгөөд 156.9 тэрбум төгрөгийн зээл хүүгийн төлбөрийг төлүүлжээ.  Энэ онд улсын төсвөөс эргэн төлөгдөх зээлээс 12.5 тэрбум төгрөгийг төлүүлж төсвийн зээлийг бүрэн хааж, төслийн орлогоос эргэн төлөгдөх зээлээс 286.4 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрийг төлүүлсэн байна. Ингэснээр өмнөх жилүүдтэй харьцуулбал эргэн төлөлтийн гүйцэтгэлийг 70 гаруй хувьд хүргэсэн эерэг үзүүлэлт гарчээ.

Түүнчлэн жилийн өмнө хэвийн ангилалтай зээлийн багц 26.7 хувь байсан бол  өнгөрөгч 9 дүгээр сарын байдлаар 74.6 хувьд хүрчээ. Чанаргүй зээлийн хэмжээг 14.0 хувиас 9.7 хувь хүртэл бууруулсан нь зээлийн багцын чанарыг сайжруулсан байна.
 
ЖИЛИЙН ХУГАЦААНД 293.58 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХҮҮГИЙН ТӨЛБӨР БАРАГДУУЛЖЭЭ
 
Хөгжлийн банк Монгол Улсын хөгжлийг дөтлөх томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд нийт 3 их наяд төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр санхүүжүүлсэн. Эргэн төлөлтийн явцын тухайд  өнгөрсөн нэг жилийн хугацаанд 293.58 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хүүгийн төлбөрийг барагдуулсан байна. Тодруулбал нийт 1,995.68 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний төлбөр барагдуулсан гэсэн үг. Үүнд евро бондын 580 сая ам.доллар, ВТБ банкны 65.43 сая ам.доллар, Чингис бондын 269.9 сая ам.доллар болон 2,021.2 тэрбум төгрөг, Кредит свисс банкны зээлийн 94.8 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлийн 27.0 сая ам.доллар тус тус багтжээ. Евро бондын эргэн төлөлтийн хувьд  Засгийн газраас 7 жилийн хугацаатай өрийн бичгээр солих хэлцлийг хийснээр 476 сая ам.доллартай тэнцэх хэмжээний үнэт цаасыг Хөгжлийн банк Сангийн яаманд шилжүүлсэн байна.



Хөгжлийн банк  зөвхөн хөгжлийн хөтөлбөрүүдэд зээл олгох бус дэргэдээ “Ди Би Эм лизинг” ХХК-ийг байгуулсан аж. Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэлтэй “Ди Би Эм лизинг” ХХК-ийн хувьд хөдөө аж ахуй, уул уурхай, үйлдвэрлэл, тээврийн салбарт тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээг өргөжүүлэхэд чиглэжээ. Одоогоор ОХУ-ын тоног төхөөрөмж нийлүүлэгч компаниудаас худалдах, худалдан авах гэрээний дагуу ирүүлсэн үр тариа, хадлан таримал тэжээл бэлтгэх зориулалт бүхий 20 нэр төрлийн 543 ширхэг техник тоног төхөөрөмжийн 50 хувийг 120 гаруй аж ахуйн нэгж, иргэдэд олгоод байна.

Харин “Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийг төлбөрийн тэнцлийн хямралаас үүдэлтэй гадаад валютын хомсдлыг өрийн дарамтыг нэмэгдүүлэхгүй хэлбэрээр шийдэх зорилгоор байгуулжээ. Тус компанийн хувьд Хөгжлийн банкны эрсдлийг хуваалцах, томоохон төслийн хөдөлгөгч болох, урт хугацааны санхүүгийн эх үүсвэр бий болгох, хөрөнгө оруулалтын орчин, дотоодын хөрөнгө оруулалтын сангийн зах зээлийг хөгжүүлэхэд дэм үзүүлэх юм байна.



Түүнчлэн Хөгжлийн банк нь олон улсын санхүүгийн зах зээлд байр сууриа бататгахаар 20 гаруй улстай хамтран ажиллаж буй аж. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд БНУУ-ын Экспорт Импорт банк болон ОХУ-ын Сбербанк, БНХАУ-ынICBC–тай /Industrial and Commercial Bank of China/ хамтын ажиллагаагаа эхлүүлжээ. Ингэснээр худалдаа бизнесийн харилцааг өргөжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг хамтран санхүүжүүлэх, экспортын санхүүжилт, даатгал болон баталгаа гаргах, олон улсын хөрөнгийн зах зээл дээр хамтран ажиллах боломж бүрдсэнийг онцлов.
Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ