Элэг, гүзээг хатаан аарцтай хүмүүлээр баяжуулан амтлагч хийдэг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-10-06 11:00:45
Дундговь /МОНЦАМЭ/. Малын элэг, гүзээг хатаан, аарцтай хатаасан хүмүүлтэй хольж нунтагласнаар хоолны шинэ төрлийн амтлагч хийж байгаа сайн жишээ хөдөөгийн суманд байна. Луус сумын тогооч Н.Ганцэцэг хоолны энэ амтлагчаа аян замын бэлэн хоол хийхэд ашигласан нь хэдхэн хоногийн өмнө Дорноговь аймагт зохион байгуулсан говийн бүсийн тогооч нарын ур чадварын уралдаанд Орон нутгийн брэнд хоолоор  шалгаран батламж гардан авчээ. Орон нутгийн брэнд хоолны батламж авсан “Аянчин” хоолны тухай  тогооч Н. Ганцэцэгээс сонирхсон юм.

- “Аянчин” хоолыг та ямар онцлог жороор бэлтгэсэнээ сонирхуулаач?
- Хятад, Солонгос улсаас орж ирдэг бэлэн гоймонгоос санаа авсан гэхэд болно. Буудайн дээд гурилыг халгайгаар баяжуулан зуурч элдээд жигнэж хэрчиж бэлдсэн. Малын элэг, гүзээг чанаж хатаагаад хүмүүлтэй хольж нунтагласан. Хүмүүлээ аарцтай хатаасан болохоор хоолны гол амтлагч болж байгаа юм. Үүнийгээ жигнэсэн гурил дээрээ хийж, бэлэн гоймон дэвтээдэг шиг бэлдэж иднэ гэсэн үг. Бэлдэцүүдээ цаасан аяганд савласан. Түүнийгээ  монгол гэрийн хэлбэртэй цаасан хайрцагт хийгээд аян замд авч явахад тохиромжтой болгосон юм.
- Хэр удаан хугацаанд хадгалах боломжтой вэ?
- Хадгалалт удаангүй. Гар аргаар бэлдэж байгаа болохоор удаан хадгалах боломжгүй, 3- 5 хоногт бол аян замд аваад явчихаж болно.
- Та хоолны амтлагчуудаа хэрхэн бэлддэг вэ?
- Малын элэг, гүзээг ашиглаж байгаа. Чанаж хатаана. Нунтаглана. Говийн маань брэнд ургамал хүмүүл шүү дээ. Дээр үеэсээ бид хүмүүлээ аарцтай хольж хэвлэн хатааж сорс хийгээд нүдэж нунтаглан хоолондоо хийдэг байсан. Тэр уламжлалаараа хүмүүлээ аарцай хольж хатаагаад нунтаглаж элэг, гүзээгээ баяжуулж байгаа юм.
-  Амтлагчаа бэлэн хоолонд ашиглахаас гадна дангаар нь зах зээлд борлуулж байна уу?
-  Борлуулдаг. Гэхдээ тийм ч ихгүй. Аймгийн төвөөс голдуухан захиалгатай байдаг. Солонгост амьдардаг дүүдээ явуулж үзсэн. Хариуд нь маш өвөрмөц, хоолыг үнэхээр сайхан амт оруулж байна гэсэн сайшаал хүлээн авсан. Одоогоор орон нутгийнхаа зах зээлд л борлуулж байна. Худалдан авсан хүмүүст их таалагдаж, эрэлттэй болж байгаа учраас цаашдаа үүнийгээ дэлгэрүүлэх зорилготой байна. Үүний тулд илүү сайжруулах зүйл бий.
-  Тухайлбал..?
- Сая Дорноговьд болсон уралдаанд оролцох үеэр шүүгчдийн бүрэлдэхүүнд их таалагдсан. Гэхдээ илүү боловсронгуй болгох хэрэгтэй. Малын дайвар бүтээгдэхүүнийг гар аргаар биш өөр илүү боловсронгуй аргаар зөв хатаах шаардлагатай байдаг. Энэ тухай номноос уншиж хэрэгжүүлээрэй гэдэг зөвлөмжийг Монголын хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д. Буяндэлгэр өгсөн. Тиймээс хатаах горимыг сайжруулж,  бүтээгдэхүүнээ олноор үйлдвэрлэдэг болно гэсэн зорилготой байна.

Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ