Ө.Энхтүвшин: МАН-ын бүлгийн талцлыг Ерөнхий сайд зогсоож, эв нэгдлийг хангах ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-10-04 14:40:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 32 гишүүн оролцоогүй. Энэ талаар дээрх гишүүдийг төлөөлж УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ж.Мөнхбат, Ж.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийв. 

МАН-ын бүлгийн 32 гишүүн нь Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй юм. Тэд Ерөнхий сайдаас намын эв нэгдлийг хэрхэн хангах, сонгуульд оролцсон Мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр зэрэг асуудлуудад зарчмын ямар бодлого, байр суурь барих талаар асууж, ойлголцох хүсэлтэй байсан ч тийм боломж бүрдүүлээгүй учир чуулганы хуралдаанд оролцоогүй гэсэн байр суурь хэлж байв. 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин "МАН бол ард түмний өмнө хүлээсэн, хариуцлагатай том нам. Тийм учраас асуудлаа дотооддоо хэлэлцэж шийдвэрлээд явдаг. Гэтэл зөвшилцөл хийхгүй, зарчмаа ярихгүйгээр шууд санал хураалт явууллаа. Засгийн газрыг 30 орчим хүн АН-ын дэмжлэгийг аваад огцруулсан. Одоо арай ингэхгүй байх гэж бодтол зөвшилцөх ямар нэгэн алхам хийхгүйгээр санал хураалаа. Үүн дээр л гол маргаан, эгдүүцэл байгаа юм. Эв нэгдлийг хэрхэн хангах вэ гэдэгт ямар ч хариу өгөхгүй байна. Ерөнхий сайд сая индэр дээр "би амь насаа алдахаас айхгүй" гэж хэлсэн нь их гайхал төрүүлсэн. Иргэддээ өгсөн амлалтаа биелүүлэх, ажил хийх л ёстойгоос амь нас алдах, хорлох хөнөөх ямар асуудал гараад байгааг ойлгохгүй байна. Энэ бүхнийг харахад цаашид эв нэгдлийг хангаж чадахгүй, илүү хурц зүйлийг хүсч байна гэж бодож байна. Намын эв нэгдэл, ойлголцол одоо Ерөнхий сайдаас хамаарна. Худлаа хэлээд яахав. МАН-ын бүлэгт талцал байна. Үүнийг л Ерөнхий сайд зогсоож, эв нэгдлийг хангах ёстой. Бүлгийн 32, 33 гишүүн хуралдаад байхгүй хамтраад, 65-уулаа хуралддаг байя л гэж бид хэлж байгаа" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "МАН-ын бүлгийн 65 гишүүний байр суурь хоёр хуваагдчихсан, 30 гаруй нь өнөөдөр хуралдаанд оролцсонгүй. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй 32 гишүүн өчигдөр бүлгийн даргад хандан бүлгийн хуралдааныг 09.00 цагаас хуралдуулж өгөх хүсэлт тавьсан. Намын эв нэгдлийг хэрхэн хангах, цаашдаа ямар зарчим баримтлах байр суурийг нь Ерөнхий сайдад нэр дэвшигчээс сонсох хүсэлтэй байсан. Бүлэг хуралдсан ч эдгээрийг танилцуулалгүйгээр чуулганы хуралдаанд орсон. Ерөнхий сайдад нэр дэвшигч АН-ын бүлэгтэй эхэлж уулзаад, зарчим байр сууриа танилцуулаад, ойлголцолд хүрч тус бүлгийн дэмжлэгийг авна гэсэн байр сууринд хүрснийг АН бүлгийн даргаас сонссон. Бидний хувьд гайхалтай, сонин санагдсан. Хоёрдугаарт амаргүй цаг үед Ерөнхий сайд томилогдож байна. Багш, эмч нар цалин нэмэхийг шаардсан, хүүхдийн мөнгө олгох, ирэх оны улсын төсөв батлах зэрэг амаргүй цаг үе тулгарч байна. Цаашдаа улс төрийн өрнөл хэрхэн өрнөх, 65-ын бүлгийн эв нэгдлийг хэрхэн хангах нь Ерөнхий сайдаас өөрөөс нь шууд хамаарна. МАН гэхдээ айхтар талцаад, хоёр хуваагдаад явчихгүй байх. Зарчим, бодлого дээрээ ойлголцолд хүрнэ гэж итгэж байна. Мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр зэрэг том асуудлуудад зарчмын бодлого, байр суурь барих нь ойлгомжгүй байсан учраас бүлгийн тал гишүүд өнөөдөр хуралдаанд оролцсонгүй" гэв.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Өнөөдөр Ерөнхий сайдыг томилсон чуулганаас харахад нэг зүйл маш тодорхой болсон нь УИХ-д сөрөг хүчин, цөөнх гэж байхгүй болжээ. 65-ын бүлгийн 33 гишүүнд АН-ын гишүүд нэмэгдэж байж Ерөнхий сайд томилогдлоо. Тэгэхээр УИХ-д албан ёсны сөрөг хүчин байхгүй боллоо гэж харж байна. Парламентын засаглалтай аль ч оронд сөрөг хүчин зайлшгүй байж, бурууг харж, шүүмжилж байдаг. Манай нам худлаа эв нэгдлийн баг зүүж өнөөдрийг хүрлээ. Яах аргагүй МАН-д үүсээд байгаа байдал нь удирдах, удирдуулах зарчмаа алдсан, намын дүрмээ ноцтой зөрчдөг болсон. Энэ алдааг давтаж болохгүй гэж залуу гишүүддээ хэлмээр байна" гэлээ. 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ