“Эм-Эйч 370” дугаартай нислэгийн хэрэг "хамгийн ойлгомжгүй бөгөөд нууцлаг хэрэг" болж үлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-10-03 14:51:37
КАНБЕРРА. /Би-Би-Си/. Малайзын иргэний агаарын тээврийн “Малайзия Эйрлайнс” компанийн “Эм-Эйч 370” дугаартай нислэг үйлдэж байгаад сураггүй болсон онгоцны талаарх судалгааны сүүлийн тайлангаа Австралийн шинжээчид өнөөдөр танилцуулжээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, уг тайланд энэ хэргийг техник, технологи хөгжсөн өнөө үед иргэний агаарын тээврийн түүхэнд гарсан "хамгийн ойлгомжгүй, нууцлаг хэрэг” гэж тодорхойлсон байна.

“Эм-Эйч 370” дугаарын нислэг үйлдэж байсан нисэх онгоц нь 2014 оны гуравдугаар сард Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд нисч яваад сураггүй алга болсон юм. Онгоцонд 239 хүн сууж явсан гэдэг.

Австрали, Малайз болон Хятад улсын холбогдох албаны хүмүүс 1046 хоног онгоцыг эрж хайсны эцэст энэ оны нэгдүгээр сард эрлийн ажиллагааг зогсоосон юм. Эрлийн ажиллагааг ахалсан Австралийн Тээврийн аюулгүй байдлын холбооноос өнөөдөр гаргасан тайланд “Бид онгоцыг олж чадаагүйдээ үнэхээр их харамсаж байна. Энэ нь өдөрт 10 сая хүнийг агаараар тээвэрлэж буй орчин цагийн иргэний агаарын тээврийн түүхэн дэх “хамгийн ойлгомжгүй бөгөөд нууцлаг хэрэг” болж байна. Хэдэн зуун хүнийг хамруулан эрлийн ажиллагаа өрнүүлсэн ч онгоцны сургийг гаргаж чадсангүй” гэжээ.

“Эм-Эйч 370” дугаарын нислэг үйлдэж байгаад сураггүй болсон “Боинг 777” онгоцыг эрэн Энэтхэгийн далайн хойд хэсгээс өмнөд хэсэг хүртэл 25 мянган км.кв талбайг самнасан бөгөөд энэ нь иргэний агаарын тээврийн түүхэн дэх хамгийн том эрлийн ажиллагаа болж үлдэж байна.

Хэрвээ “итгэл найдвар төрүүлэхүйц” баримт гарч ирвэл эрлийн ажиллагааг үргэлжүүлэх болно гэж Австралийн шинжээчид болон Малайзын Засгийн газрын төлөөлөгчид мэдэгджээ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ