Хуучин Дархан, Хээтэй хороололд 10 дугаар сарын 3-нд халаалт өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-10-02 12:23:06
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-уул аймгийн Дархан сумын 4-10-р багийн орон сууц хорооллын айл өрх албан байгууллагууд өнөөдрийг хүртэл дулаанаа авч чадаагүй байна. Учир нь  халаалт дулаанаар хангадаг төв магистраль 600 мм-ийн голчтой шугам элэгдэлд орсноос цаашид ашиглах нөхцөл боломжгүй болж аваарын горимд ажиллаж байна.
Иймд яаралтай шинэчлэх ажлыг эхлүүлэх тухай өнгөрсөн зун өвлийн бэлтгэл ажлыг хангах ажлын үеэр онцолж байсан. Тэгвэл энэхүү ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр Эрчим хүчний яамтай “Одкон Холдинг” ХХК 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулж засвар шинэчлэлтийн ажлаа эхэлсэн. 1992 онд ашиглалтад орсон уг шугамд өвлийн их ачааллын үеэр 2 ба түүнээс дээш удаа гэмтэл гардаг гэдгийг захиалагч тал болох “Дархан Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Хүрэлтогоо мэдээллэж байна.
Өнөөдрийг хүртэл дулаанаа авч чадаагүй орон сууц хорооллын айл өрхүүд гомдоллох, хүүхэд багачууд ханиад, хатгаа хүрэх нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул бухимдлаа  холбогдох газруудад утас, өргөдөл, бусад хэлбэрээр гаргасаар байна. Энэхүү ажил гэрээнд тусгагдсаны дагуу ажилласан бол 09-р сарын 15 , 9-р сарын 22, 10-р сарын 01 гэхэд ээлж дарааллан хорооллуудыг дулаанаар холбох байсан.Гэвч өнөөдрийн байдлаар 10-р багийн зарим орон сууц, 11,12,13,14,16р багууд дулаанаар хангагдсан .Хуучин Дархан буюу 4-8-р баг огт дулаан олгогдоогүй ажээ.
Энэ нь гүйцэтгэгчийн буруугаас буюу БНХАУ-аас захиалсан шугам саатсаны улмаас халаалтыг өнөөдрийг болтол өгч чадаагүй гэдгээ гүйцэтгэгч компанийн дулааны инженер Б.Золбаяр мэдэгдлээ.Учир нь БНХАУ-ын бүх ард түмний спортын баяр болж байгаатай холбогдуулан энэхүү ажилд ашиглагдах труба тээвэрлэх техникийг түр хориглосон гэнэ. Юутай ч хэл ам дагуулж оршин суугчдын бухимдлыг төрүүлж буй дулаан олголтыг энэ сарын 3ны өдөр шийдвэрлэхээр зохих байгууллагууд анхаарал хандуулан ажиллаж байгаа талаар аймгийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ