Каталоничуудын олонх нь Испаниас тусгаар тогтнохыг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-10-02 09:12:57
БАРСЕЛОНА. /Би-Би-Си/. “Каталонийн оршин суугчдын дийлэнх нь Испаниас тусгаар тогтнохыг дэмжлээ. Каталони төрт улс боллоо” гэж Испанийн Каталони мужийн захирагч Карлес Пьигдемон мэдэгдсэнийг “Би-Би-Си” телевиз уламжлав.

К.Пьигдемон өчигдөр орой мэдэгдэл хийхдээ “Өнөөдөр явуулсан бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 90 хувь нь Испаниас тусгаар тогтнохыг дэмжсэн. Сонгогчдын ирц 42.3 хувьтай байсан” гэжээ.

Испанийн Үндсэн хуулийн шүүх бүх нийтийн санал асуулга явуулахыг “хууль бус үйлдэл” гэж үзэн хориглосон бөгөөд санал асуулга явуулахыг зогсоохын тулд хүч хэрэглэснээр хэдэн зуун хүн гэмтэж бэртсэн байна. Цагдаа нар санал авах байрнууд дахь саналын хуудсууд болон хайрцгуудыг хураан авсан аж.

Каталонийн захирагч К.Пьигдемон телевизээр мэдэгдэл хийхдээ “Каталоничууд зовлон зүдгүүрийн дундуур итгэл найдвар тээсээр тусгаар улс болох эрхтэй боллоо. Бид энэ бүх нийтийн санал асуулгын дүнг ойрын өдрүүдэд Каталонийн парламентад өргөн барих болно” гэжээ.



Бүх нийтийн санал асуулга дууссаны дараа Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой мэдэгдэл хийхдээ “Каталоничуудын тархийг угааж, хууль бус санал асуулга хийлээ. Тэнд ямар ч хууль ёсны санал асуулга болоогүй” гэжээ.

Каталонийн нийслэл бөгөөд Испанийн хоёр дахь том хот болох Барселона хотын төвд тусгаар тогтнохыг дэмжигч хэдэн зуун хүн өчигдөр орой цуглаж, Каталонийн далбааг мандуулж, төрийн дууллаа дуулцгаасан байна.

Тусгаар тогтнохыг эсэргүүцэгчид мөн Барселона болон Испанийн бусад хотод жагсаал хийжээ.

Хүчирхийлэл

Каталонийн захиргааны мэдэгдсэнээр, өчигдөр тус мужид 800 гаруй хүн хүнд, хөнгөн бэртэж гэмтжээ.



Харин Испанийн ДХЯ мэдэгдэхдээ “12 цагдаа бэртэж гэмтсэн. Гурван хүнийг баривчилж, 92 санал авах байрыг хаасан” гэжээ.

Хүмүүсийг санал асуулгад оролцоход саад болохын тулд Испанийн төв Засгийн газар Каталони руу хэдэн мянган цэрэг илгээсэн аж.

Хэр олон санал авах байр байв?

Каталонийн холбогдох албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, мужийн хэмжээнд 2300 санал авах байр байгуулсны 319-ийг нь цагдаа нар, 92-ыг нь Испанийн төв Засгийн газар хаажээ.

Каталонийн захирагч мэдэгдэхдээ “Каталонийн 5.34 сая сонгогчийн 2.26 сая нь бүх нийтийн санал асуулгад оролцсон” гэжээ.



Санал авах байр болгосон сургууль болон бусад байгууллагыг хаалгахгүйн тулд тэдгээр байгууламжид хэдэн мянган хүн өнгөрсөн баасан гарагаас хойш байрласан аж.

Испанийн зүүн хойд нутагт орших 7.5 сая хүн амтай Каталони хэмээх энэ чинээлэг муж нь өөрийн гэсэн хэл, соёлтой, өөртөө засах эрхтэй ч Испанийн Үндсэн хуулийн шүүх “тусдаа улс” гэж үздэггүй юм.

2008 оны дэлхийн санхүүгийн их хямралаас хойш эдийн засгийн хямралаас бүрэн гарч чадахгүй байгаа Испанийн Засгийн газарт каталоничуудын татварын орлогоос хэтэрхий их мөнгө өгч байна гэж ард иргэд нь шүүмжлэх болсноор Каталонийн захиргаа тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргажээ.
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ