Их Британийн элчин сайд боловсролын байгууллагуудаар оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-10-03 12:13:31
Увс /МОНЦАМЭ/. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Элизабет Жейн Арнолд Увс аймагт хоёр дахь өдрөө айлчилж байна. Тэрбээр аймгийн Биеийн тамир спортын газраар зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа. Энэ үеэр аймгийн БТСГ-ын дарга Б.Ганболд Увс аймгаас төрөн гарсан Олимп дэлхийн аваргууд, хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчдаа танилцуулж, БТСГ-ын үйл ажиллагааны талаар мэдээл хийлээ. Элчин сайд хүрэлцэн ирснийг тохиолдуулан үндэсний бөхийн үзүүлэх тоглолтоо өргөн барьсан бөгөөд хүчит бөхийн барилдаан зохион байгууллаа. Барилдаанд аймгийн арслан Б.Бадарч түрүүлж, аймгийн арслан Т.Хайдав үзүүрлэж, их шөвөгт аймгийн заан Г.Батбаяр, аймгийн начин Г.Цоггэрэл нар шалгарлаа. Элчин сайдад БТСГын хамт олны зүгээс Увс аймгаас улсын баяр наадмын түрүү хүртсэн бөхчүүдийн зураг бүхий гарын бэлэг гардуулж ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүссэн юм. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Элизабет Жейн Арнолд Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит Улсын тэргүүний Цогцолбор лаборатори 1-р сургуулиар мөн зочиллоо. Түүнийг тус удирдлагууд хүлээн авч уулзан сургуулийнхаа үйл ажиллагаа, олимпиад, тэмцээн уралдаануудад гаргасан амжилт, олон улсын ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлдэг Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлсэн талаараа танилцуулж, сурагчдынхаа урлагийн тоглолтоор бэлэг барьсан юм. Элчин сайд тус сургуулийн зарим анги танхимын тохижилт, сурах орчин нөхцөл, хамт олны англи хэлний мэдлэгийн түвшин хэр байгаатай танилцаж дунд ангийн англи хэлний түвшин сайн байгааг онцоллоо. Тэрчлэн Б.Бадмаа багштай 7г ангийн сурагчидтай англиар хамтран дуулж хэлний түвшин энэ хэмжээнд байгаа нь сайн хэрэг, цаашид улам сайжруулж тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой гэлээ. Сургуулиас гараад зочилсон дараагийн газар бол Хүүхдийн ертөнц төвийн 3-р давхарт байрлах “Увсад үйлдвэрлэв” бүтээгдэхүүний дэлгүүр байлаа. Элчин сайд Увсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүрийг сайтар ажиглаж, дэлхийн зах зээлд гаргаж болохуйц экологийн цэвэр бүтээгдэхүүнийг Увсчууд үйлдвэрлэж байна хэмээн онцолсон юм. Тэрбээр энэ орой Улаанбаатарыг зорино.
Б.Батхүү
Холбоотой мэдээ