Токио хотын дарга шинэ нам байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-09-26 15:55:21
ТОКИО. /Никкей/. Японы нийслэл Токио хотын дарга Юрико Коикэ "Итгэл найдварын нам" хэмээх шинэ нам байгуулж, өөрөө намын дарга болохоор төлөвлөж байгаагаа зарлалаа.

Энэ тухай тус улсын “Никкей” сэтгүүлийн цахим хувилбарт бичжээ.

Хатагтай К.Юрико нь өөрийн ойрын холбоотнууд, тухайлбал парламентын доод танхимын хууль тогтоогч Масара Вакаса, Байгаль орчны сайд асан Гоши Хосонотой хамтран Итгэл найдварын намыг байгуулах гэж байгаа аж.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ долоо хоногийн пүрэв гарагт парламентын доод танхимаа тарааж, ээлжит бус сонгууль явуулахаар төлөвлөж байгаа энэ үед хатагтай Ю.Коикэ дээрх мэдэгдлийг хийлээ.

Тэрбээр өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Миний байгуулах гэж буй намын нэр бол Итгэл найдварын нам. Би энэ намын үйл ажиллагаанд шууд оролцоно. Манай нам төвийг сахисан, "хүлцэнгүй" нам байх болно” гэжээ. Түүний хэлснээр, тус нам нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, санхүүгийн шинэчлэл хийх зэрэг асуудалд гол анхаарлаа хандуулах аж.

 Ийм нам байгуулсан ч Токио хотын захирагчийн ажлаа үргэлжлүүлэн хийхээ тэрбээр мөн мэдэгдсэн байна.

Ю.Коикэ болон түүний холбоотнууд намаа маргааш буюу лхагва гарагт албан ёсоор байгуулах аж.

Г.Доржханд
Холбоотой мэдээ