Таван аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд спортоор өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-25 15:09:33
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд Ялалт байгуулахад минь туслаач, хэрэв би ялж чадахгүй бол ялалт авчрах оролдлогыг минь зоригжуулаач" уриан дор спортын таван төрлөөр өрсөлдлөө.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулиас Монголын тусгай олимпийн хороотой хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Дархан, Орхон зэрэг төвийн бүсийн аймгуудаас таван багийн 94 тамирчин оролцож, жудо, сагсан бөмбөг, агаарын теннис, ширээний теннис, хөнгөн атлетикийн төрлөөр өрсөлдсөн юм.
Тэмцээний тэргүүн байрыг багийн дүнгээр 28 медаль авч, Өвөрхангай аймгийн тамирчин хүүхдүүд эзлэсэн бол удаах байруудад Орхон, Хөвсгөл аймгийн тамирчид шалгарчээ. Тэргүүлсэн багийн тамирчид 10 сарын 12-15 өдрүүдэд Улаанбаатар хотод болох улсын хэмжээний спорт тэмцээнд оролцон 2019 онд зохиогдох дэлхийн олимп руу явах эрхийн төлөө өрсөлдөх аж.
Тэмцээнийг аймгийн ЗДТГ ивээн тэтгэсэн бол ХХҮГ-аас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах талаар сургалт явуулсан байна. Мөн ЭМГ, БОЭТ-ээс оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг биеийн жингийн индекс, кальцийн дутагдал, эрүүл зохистой хооллолт, гар угаах, шүд, амны хөндийн эрүүл ахуй, нүдний хараа тогтоох, чих хамар хоолойн  үзлэгт хамруулан зөвлөгөө өглөө.
Дашрамд дурдахад Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн дэргэдэх тусгай бүлгийн хүүхдүүд нь Монголын Тусгай олимпийн хорооны үйл ажиллагаанд 2014 оноос хамрагдан Өсвөрийн дэлхийн аварга нэг, Зүүн Азийн орнуудын тусгай олимпийн аварга долоон хүүхдийг тус тус төрүүлээд байгаа юм.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ