Роберт Де Ниро Оросын харъяат болохыг хүсэж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-11-10 10:03:39

МОСКВА. /Sputnik/. Москвагийн нэгэн худалдааны төвд хамтран эзэмшдэг рестораныхаа салбарыг нээх үеэрээ Холливудын алдарт од Роберт Де Ниро Орос улсын иргэн болох хүсэлтээ гаргаж магадгүй.

Өөрийн хамтран эзэмшдэг “Нобу” сүлжээ рестораны анхны салбараа Москвад 2009 онд Де Ниро нээсэн билээ. Тэрбээр Японы тогооч Нобу Мацухисатай хамтран хоёр дахь салбарыг энэ жил Оросын нийслэлд нээсэн байна.

Орос хоолонд дуртай гэж Де Ниро хэлсэн бөгөөд Орос, АНУ-ын санал зөрөлдөөнд цэг тавихаар Москва, Вашингтон хамтран ажиллахыг уриалав.

Боксчин Рой Жонсын жишгийг дагаж, Оросын иргэншилтэй болох эсэх талаар асуухад “Энэ талаар бодож үзнэ. Ирээдүй юу авчрахыг мэдэхгүй, урьдчилан таамаглахад хэтэрхий эрт байна” гэж хариулжээ.

Нэрийн хоолны рестораны сүлжээнийхээ эхлэлийг 1994 онд Нью-Йорк хотод Мацухиса, Де Ниро нар тавьж байжээ. Одоо уг сүлжээ нь Лондон, Лас-Вегас, Мельбурн, Токио, Бээжин, Миами зэрэг дэлхийн 28 хотод 33 салбартай юм.

“Крокус хот” худалдааны төвд нээсэн “Нобу” рестораны энэ салбар нэгдүгээр давхрын гол танхим нь 70 хүний багтаамжтай байна. Орчны байдал сайн харагддаг, 120 хүний багтаамжтай танхим, баар, амралтын өрөө болон суши баар хоёрдугаар давхарт байрлажээ.    

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ