Нийтийн тээврийн хэрэгслүүдэд утаа шүүгч суурилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-22 10:41:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ-наас  Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслийн дизель хөдөлгүүрээс ялгарах хөө тортогийн хэмжээг бууруулах чиглэлд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “JICA”, НЗДТГ болон “Комотек корпораци”-тай хамтран ажиллах болж, өнөөдөр Санамж бичигт гарын үсэг зурлаа.

PM буюу агаар бохирдуулагч тоосонцрын асуудал нийслэл хотод тулгараад байгаа шийдвэрлэх ёстой гол асуудлын нэг. Тиймээс ЗТХЯ, НЗДТГ болон JICA-ын төлөөллүүд хэд хэдэн удаагийн уулзалт, хэлэлцүүлэг хийж, цаашид авч хэрэгжүүлэх аргаа хэмжээний талаар нарийвчлан судалсан байна. Үүний үр дүнд JICA-ын 5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар эхний ээлжинд 320 тээврийн хэрэгсэлд утаа шүүгч суурилуулах болж, Санамж бичиг байгуулж буй юм. Цаашдаа төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн бүх автобусанд суурилуулахаар төлөвлөсөн байна. Мөн энэхүү төхөөрөмжийг эх орондоо үйлдвэрлэх боломжийг судлах аж.

Өмнө нь энэхүү төхөөрөмжийг Улаанбаатар хотноо туршиж үзсэн бөгөөд автобуснаас ялгарах хөө болон хүхэр ихтэй тортогийг 80 хувиас дээш хэмжээгээр бууруулдгийг тогтоожээ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ