Хүлээн авах дүрвэгчдийн тоо хязгаартай гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-09 14:15:00

МОСКВА. /Sputnik/. Германы хил орчимд цуглаад буй дүрвэгчдийн олонхыг бүрдүүлж буй Сирийн дүрвэгчдийг хүлээж авах Германы багтаамж хязгаартай гэж тус улсын Сангийн сайд Вольфганг Шойбле мэдэгдэв.

Сири улсаас Германд амжилттай нэвтэрсэн орогнол эрэгчид гэр бүлээ оруулж ирэхээс сэргийлэх хэрэгтэй гэж Дотоод хэргийн сайд Томас де Мезьер мэдэгдсэнийг үндэсний “ARD” сувагт өгсөн ярилцлагадаа Шойбле дэмжсэн байна.

"Дүрвэгч хүлээж авахад хязгаартай учир бид гэр бүлүүд эргэн нийлэхийг хязгаарлах ёстой. Хүн бүр Германд ирэх боломжгүй учир хязгаарлалт хийх шаардлагатай” гэж тэрбээр нэмж хэлэв.

Мөн тэрбээр Европт хүлээж авах дүрвэгчдийн тоо ч хязгаартай, дүрвэгчдийг хүлээн авах ёслолд оролцож, түүнийгээ олон нийтэд цацан, удахгүй орогнол эрэн ирэх хүмүүст худал найдвар төрүүлсэн гэж Европын зарим ахлах тушаалын түшмэлийг шүүмжилжээ.

2015 оны эхний 9 сард Герман улс 577 мянган дүрвэгч хүлээн авсны гуравны нэг нь Сирийн дүрвэгчид байгаа тухай Дотоод хэргийн сайд 10 дугаар сарын эхээр мэдэгдсэн байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ