Завханы театр "Өндөр гэгээн" хөгжимт жүжиг тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-09-20 11:33:19
Завхан/МОНЦАМЭ/ Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт ирэх 10 дугаар сард “Өндөр гэгээн” хөгжимт жүжиг нээлтээ хийх гэж байна. Төрийн соёрхолт Зохиолч, яруу найрагч Ц.Бавуудоржийн зохиол “Өндөр гэгээн” хөгжимт жүжгийг тайзны бүтээл болгож анх удаа тавих гэж байгаа бөгөөд ерөнхий найруулагчаар, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, Хөгжмийн зохиолчоор УГЗ.Т.Сэр-Од, Ерөнхий зураачаар МУСТА Т.Ганхуяг нар ажиллаж байна. 
Тус жүжгийн гол дүрүүдэд Өндөр гэгээний дүрд Завхан аймгийн театрын залуу жүжигчин Ч.Лхагвадорж, Номунд  залуу жүжигчин Х.Мягмарцэцэг нар сонгогдон тоглож ХЖТ-ын нийт уран бүтээлчид хамтран оролцон байна. Жүжгийн сургуулилт ид хийгдэж байгаа бөгөөд тус театрын энэ жилийн анхны томоохон хэмжээний жүжиг болж тавигдах юм байна.  Ертөнцийн буурал түүхэнд, нүүдэлчин ард түмний оюун билэг, авьяас чадлын тод мөрийг үлдээсэн монгол мэргэд, хаад жанжид, алдар суутан цөөнгүй билээ. Тэдний нэг нь 17 дугаар зууны сүүлийн хагас 18 дугаар зууны эхэн үеийг дамнан амьдарсан Монголын их соён гийгүүлэгч, шашин төр, урлагийн зүтгэлтэн, олны дунд “Өндөр гэгээн” хэмээн өргөмжлөгдсөн анхдугаар богд, Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар билээ. Г.Занабазар хутагт нь их богд эзэн Чингис хааны алтан ургийн шууд удам Батмөнх даян хааны 7 дахь үе Түшээт хан Гомбодоржийнд 1635 оны насан төгөлдөр хөхөгчин гахай жилийн 9 дүгээр сарын 25-нд тэр үеийн Түшээт ханы нутаг Есөнзүйл гэдэг газар ( одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум) мэндэлжээ.
Түшээт ханы хүү Г.Занабазарыг 1640 онд 5 настайд нь Богд Жавзандамба хутагтын хувилгаанаар тодруулан анхдугаар богд, Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилж байсан билээ.  Уг түүхэн хүний амьдрал уран бүтээлээс сэдэвлэж  яруу найрагч, зохиолч Ц.Бавуудорж  "Өндөр гэгээн" түүхэн жүжгээ өнгөрсөн 2016 онд бичиж дуусгажээ. Зохиолч энэхүү зохиолоороо дамжуулан залуу хойч үе, монголчуудыг эв эеийг хичээж монгол ахуй түүхэн уламжлалаа дээдлэн хадгалж явахыг уриалж сургасан түүхэн жүжиг болгож бичжээ.
Б.Мягмарсүрэн
 
Холбоотой мэдээ