Олон нийтийн оролцоотой хяналтын багийн бүрэлдэхүүнийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-09-20 09:22:55
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Нийгмийн бодлогын хороо хуралдаж, “Олон нийтийн оролцоотой хяналтын багийн бүрэлдэхүүнийг 9 хүний гишүүнтэйгээр баталлаа.

Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гүйцэтгэлийн 3 талт гэрээлэх ажиллагаанд олон нийтийн оролцоот хяналтын загвар бий болгон турших” дэд төслийн хүрээнд энэ баг байгуулагдаж байгаа юм. Уг төсөлд Хэрлэн сумын “Хэрлэн дом”, “Оюуны шим” Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-үүд хамрагдах юм байна.

ӨЭМТ нь аймгийн Засаг дарга болон Эрүүл мэндийн газрын даргатай гүйцэтгэлийн 3 талт гэрээ байгуулж, тухайн хамрах хүрээний хүн амд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байгууллага юм.
Тухайлбал ӨЭМТ-ийн гэрээг хэрхэн байгуулдаг, дүгнэдэг, хариуцлага хэрхэн тооцдог талаар иргэд, олон нийтэд ямар ч ойлголт мэдээлэл байхгүй байгаа юм. Тиймээс энэхүү төсөл хэрэгжсэнээр ӨЭМТ-ийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулахад бүх тал идэвхтэй оролцдог, харилцан хяналт тавьдаг соёл, хамтын түншлэл бүрдүүлэх замаар гүйцэтгэлийн гэрээнд олон нийтийн оролцоотой хяналтын механизмыг бүрдүүлэх давуу талтай аж.

Мөн орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагаас бүрдсэн баг чадавхижсанаар ӨЭМТ-ийн гүйцэтгэлийн 3 талт гэрээний явц, үр дүнг үнэлэхэд олон нийтийн оролцоо нэмэгдэнэ. Түүнчлэн ӨЭМТ-ийн ил тод байдал, хариуцлага дээшилнэ, бүтээлч хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, хамтын түншлэл бий болох юм. 
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ