АТМ-үүдийг хакердсан хэрэгт Умард Солонгосыг сэжиглэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-09-07 16:20:14
СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгос болон бусад улсаас хууль бусаар мөнгө татахад чиглэсэн кибер халдлагад Умард Солонгос холбоотой байж магадгүй. Энэ хэргийг Өмнөд Солонгосын цагдаагийн газар шалгаж байна.

Хуурамч зээлийн карт ашиглан 100 сая вон буюу 90370 долларыг хууль бусаар татсан гэх хэргээр Өмнөд Солонгосын гурван иргэн, Хятадын нэг иргэнийг цагдаа нар өчигдөр баривчилжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, энэ оны гуравдугаар сард АТМ буюу бэлэн мөнгөний машины серверүүд кибер халдлагад өртсөн байна. Үүний улмаас нийт 63 АТМ-ээс 230 мянган хүний хувийн мэдээлэл алдагджээ.

Умард Солонгосын өмнө нь ашиглаж байсантай адил вирусийг дээрх халдлагыг үйлдэхдээ ашигласан гэдгийг Өмнөд Солонгосын цагдаа нар мэдэгдэв.

Дээрх дөрвөн сэжигтэн Умард Солонгосын хакерчны өгсөн хувийн мэдээллийг хятад хамсаатнаасаа авчээ.

Умард Солонгосын тал гадаад валют олох зорилгоор ийм кибер халдлага үйлдэж байж магадгүй гэж Өмнөд Солонгосын мөрдөн байцаагчид үзэж байна.

Өнгөрсөн онд  Бангладешийн Төв банк кибер халдлагад өртөн 81 сая доллароо алдаж байсан юм. Энэ халдлагыг умард солонгосчууд үйлдсэн гэсэн мэдээлэл гарч байсан билээ.

Шинжээчдийн хэлснээр, Умард Солонгос гадаад улс орнуудын банкуудыг хакердан мөнгө хулгайлж, хулгайлсан мөнгөө пуужин болон цөмийн зэвсэг хийхэд ашиглаж байгаа бололтой.
Г.Доржханд

 
Холбоотой мэдээ