Тарвага агнахыг мэргэжлийн байгууллагаас хориглож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханд монгол тарваганы нягтшил буурсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс 2017 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан зэрэг 11 сумын нутгийн ойт хээр, хээр, хуурай хээрийн бүс бүслүүрээр монгол тарваганы тархалт, нягтшилыг тогтоох зорилгоор судалгаа хийсэн байна.
Судалгааны явцад ажлын хэсгийнхэн нийт 2123 км зам явж, 55 цэгт үндсэн болон дэд агуулагчийн судалгааг хийхэд нэг га-д 0.02-1.52 толгой монгол тарвага байна гэсэн судалгаа гарчээ. Завхан аймагт 1983-1989 оны монгол тарваганы нягтшил дунджаар нэг га-д 2.23 гарч байсан бол 2017 оны судалгааны дүнгээр нэг га-д 0.4 гэсэн үзүүлэлт гарч байна. Энэ нь 1990 оноос хойш Завхан аймаг дахь монгол тарваганы нягтшил 82 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Өнөөдрийн байдлаар тарвага агнахыг хуулиар хориглосон байгаа. Түүнчлэн тарваган тахал өвчний голомт бол Завханд хэд хэдэн газар бий тиймээс тарвага агнах, арьсыг нь авах зорилгоор хуулах, хүнсэндээ хэрэглэхгүй байх, хамгаалахыг аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс иргэдэд анхааруулж байна.
Б.Мягмарсүрэн