"Google" хайлтын систем дэх Увсын аялал жуулчлалын мэдээллийн илэрцийг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-09-06 21:57:34
Увс /МОНЦАМЭ/. Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөрийн захирал Др.Штефан Ханселманн, дэд захирал О.Батболд нар Германы нэртэй эдийн засагч Др.Ханс Варнер Зинн, түүний эхнэр хатагтай Герлинда Зинн нарын хамтаар өчигдөр Увс аймагт ажиллалаа.

Уг хөтөлбөрийн хүрээнд Увс аймагт хэрэгжиж буй “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төслийн 3-р үе шатыг 2017-2020 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхтэй холбогдуулан ноён Ханс Варнер Зинн нь тус аймгийн төрийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон 4 талт түншлэлийн төлөөллүүдтэй уулзаж, дэлхийн эдийн засгийн чиг хандлага ямар байгаа, Монгол Улсын эдийн засгийн бодлого хэрхэн уялдаж болох, төвлөрлийг бууруулан аймаг бүс нутгийн эдийн засгийг хэрхэн сайжруулж болох талаар жишээ баримт дурдаж, оролцогчдын сонирхсон асуултанд хариулсан юм.

Мөн аймгийн 4 талт түншлэлийн зөвлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран хэрэгжүүлсэн “Баруун Монголын соёлын өвийг таниулсан гэр мэдээллийн төв” төслийн хүрээнд байгуулсан аялал жуулчлалын мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцсан ба ЭТИС хөтөлбөрөөс мэдээллийн төвийн брошур, танилцуулгуудыг англи, герман хэл рүү орчуулах, Google хайлтын системд Увс аймгийн аялал жуулчлалын мэдээллийн илэрцийг сайжруулах зэрэгт санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Хатагтай Герлинда Зинн нь Олон Улсын Эмэгтэйчүүдийн “Зонта” байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн аж. Тэрбээр Увс аймагт ирсэн завшааныг ашиглан аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөллүүдтэй уулзаж жендерийн тэгш байдлын талаар санал солилцож, цаашид Монгол, Германын эмэгтэйчүүдэд бие биенээсээ суралцах зүйл их байгааг онцлов. Энэ үеэр “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төслийн 3-р үе шатны хүрээнд аймгийн 4 талт түншлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд талуудад ямар сорилт бэрхшээл, шаардлагатай байгааг илрүүлэх зорилготой хэлэлцүүлгийг ЭТИС хөтөлбөрийн хөндлөнгийн чиглүүлэгч удирдан явуулсан юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ