А.Меркель рүү улаан лооль шиджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-09-06 08:08:07
БЕРЛИН./TASS/. Үл мэдэх этгээдүүд Баден-Вюртемберг мужийн Гейдельберг оюутны хотод мягмар гарагт болсон сонгуулийн сурталчилгааны цуглааны үеэр Германы канцлер Ангела Меркель рүү улаан лооль шиджээ. Энэ тухай DPA агентлаг мэдээллээ.

Тус агентлагийн мэдээлснээр, Засгийн газрын тэргүүнд нэр дэвшигч Ангела Меркель 3000 сонгогчдын өмнө үг хэлж байжээ. Үгээ хэлж дуусч байх үед түүн рүү цугларагсдын дундаас хоёр улаан лооль шидсэний нэг нь канцлерийн зүүн гуяанд нь туссан бол нөгөө нь цуглааны хөтлөгчийг оножээ. Хөтлөгч тэр даруй канцлер өөд алчуураа сарвайжээ.

ОНМХ-ийн мэдээлснээр, А.Меркель уг хэрэг явдалд инээмсэглэлээр хариу барьсан ба энэ таагүй явдал түүний сонгуулийн өмнөх кампанит ажилд нөлөөлөөгүй байна.

Канцлер руу улаан лооль шидсэн гэдгийг тус хотын цагаагийн газар баталжээ. Хууль сахиулагчид тэр хоёр улаан лоолийг хоёр өөр хүн шидсэн гэж үзэж байгаа ба одоогийн байдлаар ямар хүн шидсэнийг тогтоож амжаагүй байгаа аж.

А.Меркель Германы Христийн ардчилсан холбоо, Христийн нийгмийн холбооны эвслээс канцлерт нэр дэвшиж байгаа юм. Бундестагийн сонгууль 9 дүгээр сарын 24-нд болох ба шинээр бүрдэх бундестаг Засгийн газрын тэргүүнийг томилох юм.
О.Барс 
Холбоотой мэдээ