Шилийн гол аймагтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-09-05 15:17:22
Сүхбаатар /МОНЦАМЭ/.Сүхбаатар аймаг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймаг хоорондын хамтын ажиллагааны уулзалт боллоо. Уулзалтанд Шилийн гол аймгийн захиргааны ахлах зөвлөх Лө Хү Зай тэргүүтэй арван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн төлөөлөгчид оролцож хоёр орны хамтын ажиллагааны талаар хэлэлцэн, санамж бичигт гарын үсэг зурж, цаашид нийгмийн бүхий л салбарт хамтран ажиллах нөхцөл боломж байгааг онцлов.

Өнгөрөгч долоо хоногт тус аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, аймгийн засаг даргын орлогч Т.Мөнхболд нараар ахлуулсан ажлын хэсэг Шилийн гол аймагт ажиллаад ирсэн. Энэ үеэр яригдсан хамтын ажиллагааны талаарх хэлэлцүүлэг Сүхбаатар аймагт үргэлжилж байгаа нь энэ юм. Аймгийн засаг дарга З. Энхтөр тавьсан илтгэлдээ Сүхбаатар аймаг Шилийн гол аймагтай бүхий л салбарт хамтран ажиллах боломж байгааг онцолсон юм. Тухайлбал Эрүүл мэндийн салбарт 300 ортой уламжлалтын эмнэлгийг ашиглалтад оруулах, зам тээврийн салбарт Бичигтийн боомтыг жишиг боомт болгон хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарын чиглэлээр малчдыг туршлага судлуулах, малын гаралтай түүхий эд өүтээгдэхүүнийг экспортонд гаргах,  байгаль орчны чиглэлээр Баруун-Урт хотыг ногоон бүс болгон хөгжүүлэх, Шилийн гол аймгийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулах, онлайн худалдааг хөгжүүлэх зэргээр хамтран ажиллах боломж байгааг дурьдав. Улмаар аймгийн засаг дарга З.Энхтөр, Шилийн гол аймгийн захиргааны ахлах зөвлөх Лө Хү Зай нар хамтын ажиллаганы санама бичигт гарын үсэг зурлаа.
“Бид Сүхбаатар нутагт айлчилсандаа үнэхээр баяртай байна. Ялангуяа манай Эрээн хотын удирдлагууд энэ нутагт анх удаа айлчилж байгаа нь их онцлог болж байна. Бид хоёр орны хамтын ажиллагаагаа сэргээх, илүү дэлгэрүүлэхийн тулд өнөөдрийн энэхүү уулзалтыг хийж байгаа.  Манай Шилийн гол аймаг Сүхбаатар аймагтай бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байна. Хамтын ажиллагаа маань цаашид илүү их дэлгэрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн Шилийн гол аймгийн захиргааны ахлах зөвлөх Лө Хү Зай хэллээ.
Т. Одончимэг
 
Холбоотой мэдээ