Х.Зауре: Казах хүүхдүүдэд зориулсан IV ангийн монгол хэлний сурах бичиг байхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-09-04 18:12:11

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. 2017-2018 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Хавдисиламын Зауретэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2017-2018 оны шинэ хичээлийн жил эхэлж байна. Бэлтгэл ажил хэр зэрэг хангагдсан вэ?

- Юуны өмнө Монголын нийт багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд болон хүүхдүүддээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг бүх төвшинд ханган ажиллаж байна. Зорилго, зорилтоо тодорхой болголоо. Саяхан 740 багш, удирдах ажилтны оролцоотойгоор бага хурлаа амжилттай зохион байгууллаа. Багшийн ёс зүй, харилцаа, сургалтын хөтөлбөрүүд болон түүнийг хэрэгжүүлэх арга зүйн талаар 2 өдрийн сургалт хийлээ. Энэ үеэр тулгамдсан асуудлууд, өнгөрсөн хичээлийн жилийн алдаа, онооны талаар ярилцсан. Энэ хичээлийн жилд 43 сургууль, 43 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Бэлтгэл ажлаа бүрэн хийж дууссан байгаа. Дотуур байртай сургуулиуд болон цэцэрлэгүүд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх газруудтай гэрээгээ хийж  дуусаж байна. БСШУЯ-наас 1-5 дугаар ангийн сурах бичгүүдийг татан авч, сургуулиудад хүргүүллээ. Суурь боловсрол болон ахлах ангиудын сурах бичгийн захиалга өгөгдсөн боловч хэвлэлтээс гараагүй байна. Гэхдээ тэр хүртэл хуучин сурах бичгүүдээ ашиглаж хичээлээ хийх боломжтой.

Сурах бичгийн хангамж ямархуу байгаа вэ?

- Сурах бичгийн хангалт дутагдалтай. Нийт сурагчдын 70 хувьд нь хүрэлцэнэ гэж ойлгож болно.

- Өмнөх жилүүдэд казах хүүхдүүдэд монгол хүүхдүүдэд зориулагдсан сурах бичгээр монгол хэлний хичээлийг заадаг байсан шүү дээ. Уг асуудал энэ жил бас үргэлжлэх үү?

 - Энэ жил бас үргэлжилнэ. Казах хүүхдүүдэд зориулсан сурах бичгээр хангах асуудлыг шат шатны холбогдох байгууллагуудад уламжилсан. Хараахан биеллээ олоогүй. Саяны багш нарын бага чуулганы үеэр ч энэ асуудлыг тал талаас нь ярилцаж, аймгийн Засаг даргад танилцуулсан. Бодлого боловсруулж оруулахаар тохироод байна. Аймгийн удирдлагууд уг асуудлыг Засгийн газрын түвшинд хөндөж тавихаар болсон байгаа. 

 - Тус газрын өмнөх удирдлага казах хүүхдүүдэд зориулсан нэмэлт сурах бичиг, монгол хэлний сурах бичиг зохиох ажлыг эхлүүлж, 2014 онд аймгийн ИТХ-аас «Хос хэлээр сургалт явуулдаг сургуулийн талаар баримтлах бодлого, чиглэл»-ийг баталж байсан. Уг ажил одоо үргэлжилж байна уу?

 - Бид энэ асуудлыг дотооддоо шийдэхээр ажлын төлөвлөгөөгөө боловсруулаад оруулна. Хоёрдугаар болон гуравдугаар ангийн монгол хэлний сурах бичгүүд дахин хэвлэлтэд орно. Дөрөвдүгээр ангийн монгол хэлний сурах бичиг байхгүй хэвээрээ байна. Энэ асуудлыг яамны сайдад танилцуулж оруулсан. Саяхан аймгийн Засаг дарга Казахстан улсын Дорнод Казахстан мужид албаны айлчлал хийгээд ирлээ. Энэ үеэр тус улсын казах хэл дээрх ашиглах боломжтой сурах бичгүүдийг манай аймагт нийлүүлэхээр харилцан тохирсон байна. Бид авах сурах бичгийнхээ судалгааг гаргаж, захиалга өгөхөд бэлдэж байна.

 - Казахстаны сурах бичгүүд манай улсын боловсролын стандартад таарах уу?

- Стандартад таарахгүй ч гэсэн нэмэлт сурах бичиг болгон ашиглах боломжтой. Ялангуяа бага ангийн цагаан толгой, математик, эх хэлний сурах бичгүүдийг ашиглаад явах бүрэн боломж байна.    

 - Шинээр ашиглалтад орох объектууд байна уу?

 - Энэ жилд аймгийн төвийн 2 дугаар бүрэн дунд сургуулийн 640 хүүхдийн хичээлийн байр болон Алтай сумын бүрэн дунд сургуулийн дотуур байрыг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. Хоёрдугаар сургууль маань 9 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тэр хүртэл барилгын ажлууд нь бүрэн дуусах болно. Алтай сумын дотуур байрны доторх эд хогшлын захиалгыг өгсөн. Удахгүй нийлүүлэгдэх болно.

 - Бага чуулганы үеэр багш нар элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг ярилцлаа. Танай байгууллагын зүгээс дүн шинжилгээ хийсэн үү?

 - Бид маш сайн анализ хийсэн. Алдсан, оносон юмнуудаа шинэ хичээлийн жилийн зорилт, төлөвлөгөөнд тусгаж өгсөн байгаа. ЭЕШ-ын дүнгээр энэ жил бас 21 дүгээр байранд орсон. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны шалгалтад манай аймгаас 1300 сурагч оролцсон. Нийт сонгосон хичээлийн тоо 3392, дундаж хичээлийн тоо 2,6 хувьтай байлаа. Харин 2017 онд 1302 хүүхэд бүрэн дунд сургууль төгсөн элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлж, 4573 хүүхэд хичээл сонгосон. Дундаж хичээлийн тоо 3,5 хувь болж өссөн үзүүлэлттэй гарлаа. Үүнээс сонгох хичээлд бүртгүүлээгүй 1200 гаруй хүүхэд шалгалтад орсон нь тогтоогдсон. Энэ асуудал ЭЕШ-ын дүнд нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн 2016 онд авсан оноо нь 400-500-гийн хооронд хэлбэлзэх хүүхдийн тоо их байсан бол, энэ жил 500-700 оноо авсан хүүхдийн тоо ихэссэн нь анзаарагдсан. Түүнчлэн сургууль, сурагч, эцэг эхчүүд үүргээ ухамсарлах цаг болсныг шалгалтын дүн харуулж байна. Хүүхдийг шалгалтад оруулахдаа мэддэг, чаддаг хичээлүүдийг нь сонгож оруулахад түлхүү анхаарах шаардлагатай байна. Учир нь элсэлтийн ерөнхий шалгалтад орох хичээлээ эртнээс сонгож, бэлтгэж орсон хүүхдүүд амжилт гаргаж чадаж байна. Бид өнгөрсөн 1 дүгээр сард ЭЕШ-аас дээгүүр оноо авсан багш, сурагчдад урамшуулал олгоно гэж болзол зарласан. Өнгөрсөн бага хурлаар ЭЕШ-аас 800 оноо авсан 7 сурагчийн багшийг аймгийн ИТХ-ын нэрэмжит шагналаар шагналаа. Гэхдээ сурагчдаа шагнаж амжаагүй. Мөн аймгийн Засаг даргын нэрэмжит 4 удаагийн төвшин тогтоох шалгалтад өндөр оноо авч эхний байруудад шалгарсан 10 багшийг урамшууллаа. Ийнхүү ЭЕШ-аас амжилт гаргасан багш, сурагчдыг урамшуулах тогтолцоог улам боловсронгуй болгож, журам боловсруулан аймгийн ИТХ-аас батлуулахаар бэлтгэж байна.

 - Монгол хэл, бичгийн шалгалт ерөнхий дүнд нэлээн нөлөөлж байгаа харагдсан, тийм ээ?

 - Тэр бол гарцаагүй үнэн. Гэхдээ бид хэлний бэрхшээл гээд зүгээр хараад суух ёсгүй. Монгол хэлний мэдлэгийг дээшлүүлэхийг энэ хичээлийн жилийн тэргүүн зорилт болгоод байгаа. Монгол хэлнээс гадна эх хэлний боловсролд анхаарах хэрэгтэй гэдгийг бүх түвшинд санал болгон оруулж байна. Эх хэлээрээ аливаа мэдлэгийг сайн эзэмшсэн хүүхэд бусад үндсэн боловсролыг үргэлжлүүлэн авч явах боломж байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тийм учраас монгол хэл болон эх хэлний сургалтын чанарыг давхар сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Монгол хэлний мэдлэг ийм байгаа ч манай хүүхдүүд англи, орос хэлний шалгалтын дүнгээр улсад тэргүүлж байгааг юугаар тайлбарлах вэ?

- Манай аймаг англи, орос хэлний хичээлийн дүнгээр 2016 онд хоёрдугаар байр, 2017 онд нэгдүгээр байр эзэлсэн. Улсын дундажаас дээгүүр оноотой байгаа. Манай бас нэг том амжилт. Казах хүүхдүүд хэл сурахдаа сайн байдаг. Монгол хэлний хичээлээр доголдолтой явж байгаагийн шалтгааныг бодлоготой холбон үзэж байгаа. Учир нь ангил хэлний сурах бичиг, стандарт нь хүүхдүүдийн сурах боломжид нийцүүлсэн хэлбэрээр зохиогдсон. Монгол хэл болон англи хэлний сурах бичгүүдийг харьцуулж үзэхэд агуулгын хувьд ялгаа их байдаг. Манайд 2, 3, 4, 5 ангид зориулж баталсан монгол хэлний стандарт байхгүй. Англи, орос хэлний стандарт нь байна. Хос хэлний сургалтын стандарт, сурах бичиг, түүний агуулгад улсаас онцгой анхаарах цаг болсон. Бид сурагчдад монгол хэл, бичгийн хичээлийг хөнгөвчилсөн хөтөлбөрөөр заадаг. Ийнхүү хөнгөвчилсөн хос хэлний стандартаар яваад улсын хэмжээнд батлагдсан стандартаар шалгалт өгдөг явдал бас нөлөөлж байна. Энэ замаар явж бусад аймгийн сургуулиудын төвшинд хүрнэ гэдэг нь төвөгтэй асуудал юм.

Багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, чадваржуулах чиглэлээр ямар арга хэмжээ авч байна?

 -Өнгөрсөн хичээлийн жилд «Сайн хичээлийн үйл ажиллагаа» нэртэй бүсчилсэн арга хэмжээ зохион байгууллаа. Багш нар өөр сургуульд очиж хичээл заасан. Энэ ажил маань сургуулийн удирдлага, багш нар нэг нэгнээсээ суралцсан, туршлага солилцон үр дүнтэй ажил болсон. Мөн орон нутагтаа багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Хөдөө сумдын багш нар аймгийн төвийн сургуулиудад, аймгийн төвийн багш нар сумдад очиж ажлын 5 хоногт сурагчдад хичээл заасан. Багш нарын ажилд тус нэмэр болох үүднээс 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн нь тэдний ажиллах нөхцөлийг сайжруулахад хувь нэмэр болсон гэж үзэж байна. Аймгийн бүх сургуулиудыг электрон самбараар хангасан. Түүнчлэн Казахстан Улсын Алматы хот дахь Охидын Багшийн Их сургуультай хамтран ажиллаж, казах хэлний багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан байгаа. Ер нь манай казах хэлний багш нар орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдсан сургалтуудад хамрагддаг болохоос тэдэнд чиглэсэн ямар нэгэн дэмжлэг манайд байдаггүй юм. Энэ мэтчилэн дурдаад явбал олон ажил байна.

 - Өчигдөр манай аймгийн 350 гаруй багш цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж аймгийн төвд тайван жагсаал хийлээ. Энэ асуудлаар та ямар байр суурьтай байгаа вэ?

 - Өнөөгийн нийгэмд иргэдийн авч байгаа цалин амьдралд нь хүрэлцдэггүй нь үнэн. Энэ бол улс даяар тулгамдсан асуудал. Хүн бүхэн өөрийн эрх ашиг, амьдралын төлөө тэмцэх нь зөв. Багш нарын уг үйлдлийг буруу гэж хувьдаа хэлэхгүй. Сард таван зуун мянган төгрөгийн цалин аваад гэр бүлийн тав, долоон хүнийг асарч байгаа багш зурагтаар ярьж байна. Энэ асуудлыг төр засаг аяндаа шийдээд явах байх. Иргэн хүний хувьд багш нарыг дэмжинэ.

 - Цаг заваа гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.

 -Баярлалаа!


Ө.Нурболат

 
Холбоотой мэдээ