БНХАУ ба ОХУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд хамтран ажиллахаар тохиролцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-09-04 17:04:46
СЯМЭНЬ. /TASS/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд илүү нягт хамтран ажиллахаар тохиролцжээ.

Хоёр улсын удирдагчид Хятадын Фузень мужийн Сямэнь хотноо өчигдөр эхэлсэн БРИКС буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын дээд хэмжээний уулзалтын үеэр яриа хэлэлцээ хийсэн байна.

Умард Солонгос өчигдөр зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийснээс хойш Солонгосын хойг болон бүс нутагт үүсээд буй нөхцөл байдлын талаар тэд санаа бодлоо солилцжээ.

Уг уулзалтын дараа ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “Солонгосын хойгт үүсээд буй нөхцөл байдалд маш их сэтгэл түгшиж буйгаа хоёр удирдагч илэрхийлсэн. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд холбогдох бүх улс орон хүлээцтэй байж, зөвхөн дипломат аргаар буюу яриа хэлэлцээ хийх замаар асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж тэд үзэж байна” гэжээ.

Умард Солонгос цөмийн зэвсэг болон пуужингаа улам боловсронгуй болгож буй энэ үед Пхеньянд улс төрийн шахалт үзүүлэхийг БНХАУ болон ОХУ чухалчилж байна.

Одоо үүсээд буй нөхцөл байдалд хүлээцтэй хандахыг хоёр улсын удирдагчид АНУ болон Япон улсаас хүсчээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ