Их-Уул сумын Эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг олгохоор болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-08-29 22:19:48

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Их-Уул сумын Эрүүл мэндийн төвд таван сая орчим төгрөгийн техник, тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яамнаас өгөхөөр болжээ.

Тодруулбал Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн лаборатор болон тус сумын Үржил, Цэцүүх багийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай, чанартай хүргэх зорилгоор хоёр мотоцикл, сорьцын хөргөгч, цeнтрифуг буюу лабораторийн цусны шинжилгээнд ашигладаг багаж тоног төхөөрөмжийг олгох батламжийг ЭМЯ-аас гардуулан өгчээ. Энэхүү тоног төхөөрөмж нь тус эмнэлэгт шаардлагатай байгаа бөгөөд иргэд заавал аймгийн төв явж шинжилгээ өгөх шаардлагагүй болох ажээ. Дашрамд Их-Уул сум нь 6000 гаруй хүн амтай Завханы томоохон сумдын нэг юм. Эрүүл мэндийн төв нь 15 ортой жилдээ 400 орчим хүн хэвтэн эмчлүүлдэг, 18000 орчим хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Өдөртөө дунджаар 60 орчим хүн эмнэлэгт үзүүлж зөвлөгөө тусламж авдаг бөгөөд жилдээ 130 орчим жирэмсэн эх эмчийн хяналтанд орж  70 хувь нь өөрийн сумандаа амарждаг байна.

Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ