Сирийн хямралыг шийдэхэд Иран оролцож болно

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-11-06 11:13:06

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Сирийг хямралаас гаргах дипломат үйл явцад Иран улс “хэсэгчлэн оролцож болох юм” гэж АНУ-ын засаг захиргаа үзэж байна. Энэ тухай тус улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч Бен Родс мэдэгджээ.

“Бидний хооронд Асадын дэглэмийн талаар санал зөрөлдөөн байдаг гэдгийг харгалзан үзсэн ч Иран дипломат шийдлийн нэг хэсэг нь байж болох юм гэж бид үзэж байна" гэж Родс утсаар явуулсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Түүний хэлснээр, “үүнийг одоо Вена хотод зохион байгуулж байгаа хэлэлцүүлгээр дамжуулан хийж болно”. “Сирийн асуудлаар дипломат шийдэлд хүрэх нь бүх бүс нутгийн ашиг сонирхолд нийцнэ” гэж Родс цохон тэмдэглэжээ.

НҮБ-ын мэдээллээр 220 мянга гаруй хүн амиа алдсан зэвсэгт мөргөлдөөн Сирид 2011 оны гуравдугаар сараас хойш үргэлжилж байгаа билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ