Монголчууд ба “Жүдо”

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
altankhuyag@montsame.mn
2017-08-24 19:15:57
Нэг.

Олимпийн төрлийн тэмцээнүүдээс манай улсад эрчимтэй хөгжиж, дэлхийн түвшинд хүрсэн спортын нэгдүгээрт жүдо бөх зүй ёсоор орно.

1960-аад оны дунд үед  БНСЧСУ (тэр үеийн нэршлээр)-ын нийслэл Прага хот дахь  Карлын нэрэмжит Их сургуулийн оюутан Л.Батмөнх, С.Цэвэгжав нар нь жүдо бөхийн барилдаанаар хичээллэсэн манай анхны залуучууд юм.  Мөн тус оны сүүлээр Японы Кодоканы их сургуультай Ч.Машбат нөхдийн хамт холбоо барьж улмаар 1969 онд ОУЖБХ, Японы жүдо бөхийн холбоноос жүдо бөхийг хөгжүүлэх талаар анхны захидлыг илгээж байжээ. 

Дэлхийд хурдацтай хөгжиж, 1964 оноос эхлэн олимпийн хөтөлбөрт орж хэтийн төлөв нь тодорхой болсон жүдо бөхийн барилдаан Монголын биеийн тамир, спортын байгууллага, тэдгээрийн дасгалжуулагч, мэргэжилтнүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж, түүнийг юуны өмнө самбо бөхтэй хослон хичээллүүлэх нь зүйтэй гэсэн нэгдсэн ойлголтод ерөнхийд нь хүргэсэн байдаг. Ийнхүү 1960-аад оны сүүлчээр “Монгол телевиз”-ийн нэрэмжит самбо бөхийн тэмцээн явагдаж эхэлсэн нь манай улсад жүдо бөх хөгжих үндэс болсонтой маргах зүйлгүй юм. 

Хоёр.

Монголчууд эрийн гурван наадмын нэг болох бөх барилдах уламжлалыг эртнээс өдгөө хүртэл хадгалж, өргөн дэлгэрүүлэхийн сацуу хүндэтгэн дээдэлж ирсэн түүхтэй. Жүдо болоод монгол бөх хоорондоо төстэй техник их бөгөөд харагдах байдал адилхан тул нүүдэлчин ард түмэнд тус спорт нь эртний танил шиг нь санагдсан биз ээ.

1980 онд Москвад болсон олимпийн наадмаас Ц.Дамдин мөнгө, Р.Даваадалай хүрэл медаль хүртэж жүдо бөхийн түүхэн дэхь анхны олимпийн медалиудыг эх орондоо авчирсан юм.  Мөнхүү 1996 оны Атлантад болсон олимпийн наадмаас Д.Нармандах, 2004 оны Афиний олимпоос Х.Цагаанбаатар нар тус тус хүрэл медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулав.
Ийнхүү дөрвөн жилийн дараа буюу 2008 оны Бээжингийн олимпын 100 кг-ын жинд Найдангийн Түвшинбаяр Олимпын аваргын алтан медаль хүртэв. Монголчууд “уухайлан” босч, Монгол Төрийн дуулал дэлхий даяар эгшиглэсэн тэр өдөр жүдо бөх нь манай ард түмний хувьд онцгой спорт болж зүрх сэтгэлд нь үлдсэн билээ.

Түүнээс хойш 2012 оны Лондонгийн олимпоор Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртэж олимпийн хос медальтан болсон бол С.Ням-Очир тус наадмаас хүрэл медальтай эх орондоо ирэв. Үүний дараагаар өнгөрсөн жил болсон “Рио-2016” олимпийн наадмаас Д.Сумъяа Японы домогт бөх Каори Мацүмотог цэвэр ялж мөнгөн медаль хүртэснээр монгол түмэн Риогийн тэнгэрт төрийн далбаагаа мандахыг хөөр бахдал, омогшил, баярын нулимстай харж зогссон билээ.

Мөн Тив дэлхий, Азийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол барилдаж, өөрсдийн чансааг ахиулахын хэрээр бахдам амжилт үзүүлсэн жүдочдын нэрс М.Уранцэцэг, П.Лхамдэгд, Ц.Мөнхзаяа, Л.Отгонбаатар, Б.Тэмүүлэн, Д.Төмөрхүлэг, О.Ууганбаатар, А.Цолмон, Ц.Цогтбаатар, Г.Одбаяр, Ц.Наранжаргал гэх мэтээр цааш хөвөрнө. 

Гурав.

Өнгөрсөн оны 11-р сарын дундуур дэлхийн жүдочдын талаарх баримтат кино, зар сурталчилгаагаараа алдартай "Fighting Films" кино компани “Монгол жүдочид” баримтат киног олон нийтийн хүртээл болгосныг уншигчид андахгүй мэднэ.

Энэхүү кинонд Монголын жүдочдын өнгийг тодорхойлж чадах гурван тамирчин оролцсон нь 2004 оны Афины олимпын хүрэл медальт, 2009 оны дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин, Азийн наадмын хошой аварга Д.Төмөрхүлэг нар нар байв.

"Figthing Films" кино компанийн ерөнхий найруулагч киноны талаарх захидалдаа Х.Цагаанбаатар гавьяатын талаар дурдаад "Түүн шиг дөрвөн жинд амжилттай барилдсан бөх ховор. Тэр 2004 онд олимпоос 60 кг-д хүрэл медаль хүртэж, 66 кг-д дэлхийн аварга болж, 73 кг-д байхдаа 2013 оны Парисын Их дуулгад түрүүлж, 81 кг-д Дэлхийн цомоос хүрэл медаль хүртсэн нэгэн" гэж онцолсон байдаг.

Мөнхүү Олон Улсын жүдо бөхийн холбоо буюу “IJF”-ийн хэвлэл мэдээлэл хариуцсан захирал Николас Меснер “Монголын жүдо бөхийн холбооны нөр их хичээл зүтгэл, үндэсний баатар болтлоо дэлхийн дэвжээнд өндөр амжилт үзүүлсэн жүдо бөхийн аваргууд, мөн бөхийн спортын арвин баялаг туршлага нь жүдогийн спортыг Монголд өндөр нэр хүндтэй, нөлөөтэй спорт болгож чаджээ” хэмээсэн нь бий.

Өнгөрсөн онд “Монголын жүдо бөхийн холбоо”-ны урилгаар Грекийн алдарт жүдоч Илиас Илиадис манай улсад айлчилж өсвөр үе болон залуучууд, насанд хүрэгчдийн шигшээ багийнханд туршлагаасаа хуваалцах үедээ “Монголын жүдочид маш их тэсвэр хатуужилтай. Мөн тэд ах дүүсээ хүндэлдэг, өрсөлдөгчөө хайрладаг. Энэ л чанарт нь би маш их дуртай” гэж өгүүлсэн байдаг. Домогт бөх ийнхүү хэлсэн нь манай орны жүдочдын хувь хүний зан араншинг тодорхойлоос гадна эрэмгий дайчин барилдаануудыг нь анхааралтай үзэж дүгнэсэн санагдана.

Үнэхээр монгол хүний эрэмгий дайчин байдал, уран хурц хөдөлгөөнүүдийг жүдогийн техниктэй чадамгай хослуулан барилдаж чаддаг учраас манай улсын жүдочид дэлхийд тэргүүлж барилддаг, цаашид олон сайхан амжилтийг үзүүлж спортын түүхэнд нэр нь мөнхрөх хүчтэнүүд төрөн гарна гэдэгт итгэл дүүрэн буй.

Б.Алтанхуяг
 
Холбоотой мэдээ