Сумын хэмжээнд төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-22 13:15:23
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Баянмөнх сум 2017 оныг “Төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарлажээ.

Энэ хүрээнд тус сумынхан төр засгаас хөрөнгө санхүү харалгүйгээр өөрсдийн хүчээр нэлээд ажлуудыг хийж бүтээж байгаа аж. Тухайлбал, орон нутгаа хөгжүүлэх, ажиллаж, амьдрах ая тухтай орчноо бүрдүүлэх зорилгоор “Ажлын байр–Миний 2 дахь гэр” аяныг өрнүүлэн, тохижилтын ажлуудыг хийсэн байна. Мөн багуудын ИНХ өдөрлөг зохион байгуулж, өөрсдөө ая дуугаа өргөснөөс гадна, “Усны өдөр”, “Хамгийн их жин хасагч” тэмцээн, “Миний гэр бүл” фото зургийн уралдаан, “Эрүүл мэнд хөдөлгөөн хөгжил хөтөлбөр”-ийн нээлт зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ. Түүнчлэн иргэдийг ажлын байраар хангах зорилгоор 53 иргэнийг бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалуулж байгаа аж. Тус сумын зарим иргэд, залуус өөрсдийн санаачилгаар төв зам дагуу сурталчилгааны самбар, хүүхдийн тоглоомын талбайн тохижилтыг хийсэн нь бусад сумдад үлгэр жишээ болохоор харагдана.

Баянмөнх сумын ЗДТГ-аас “Орон нутгийн мэдээлэл” сонинг сар бүр эрхлэн гаргаж, үйл ажиллагаа, хийсэн ажлын тайлан, мэдээллээ ард иргэддээ хүргэн ажилладаг бөгөөд энэ жилээс хэвлэл захиалгад оруулжээ. Мөн сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд албан тушаал, утасны дугаар зэргээ хаалган дээрээ бичиж байрлуулсан нь иргэддээ нээлттэй, ойр үйлчилж байгаа хэлбэр юм.
 
Баянмөнх сум нь 1931 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн тавдугаар зарлиг, Ардын Засгийн газрын 1931 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолын дагуу Дашбалбар уулын хошуунаас бие даасан сум, орон нутгийн Засаг захиргааны нэгж болон “Хар хөндий” гэдэг газар төвлөрөн байгуулагдсан түүхтэй. Сумын анхны даргаар Гоомоогийн Пунцагцэрэн гэдэг ард эмэгтэй сонгогдон ажиллаж байжээ.

Харин өдгөө Баянмөнх сумын удирдлагаар Мижидийн Цэнгэл бүсгүй хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Тус сум нь Дорнод Монголын тал хээрийн бүсэд багтаж, Хэрлэн голын уужим тэнүүн сав газарт оршдог бөгөөд 276.0 мянган га нутагтай. Дархан, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Мөрөн, Галшар сумтай хил залгаа оршдог юм.
 Д.Одонтунгалаг
 
Холбоотой мэдээ