БНАСАУ: АНУ, Өмнөд Солонгос “өршөөлгүй өшөө авалтаас” зайлсхийж чадахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-08-22 08:58:02
ТОКИО./TASS/. АНУ, Өмнөд Солонгос “өршөөлгүй өшөө авалт, шийтгэлээс” зайлсхийж чадахгүй” гэж мягмар гарагт Солонгосын ардын армийн штаб мэдэгджээ.

Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан команд-штабын “Ulchi-Freedom Guardian” цэргийн сургууль хийж эхэлсэнтэй холбогдуулан Умард Солонгосын ардын армийн штаб “Тэд өршөөлгүй өшөө авалт, шийтгэлээс зайлсхийж чадахгүй” гэж мэдэгджээ.

Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан команд-штабын цэргийн сургууль даваа гарагт эхэлсэн юм. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ий мэдэгдсэнээр дээрх цэргийн сургуулилт нь батлан хамгаалах шинж чанартай бөгөөд Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг даамжруулахад чиглэгдээгүй гэжээ. Өмнөд Солонгосын талаас 50 000 орчим цэргийн албан хаагч оролцож байгаа бол Америкийн 17500 орчим хүн оролцож байгаа нь түрүү жилийнхээсээ 7500 хүнээр бага байгаа ажээ.

Умард Солонгос энэхүү “Ulchi-Freedom Guardian” цэргийн сургуулийг Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг улам даамжруулж буй дайсагнасан үйлдэл гэж үзэж байгаа юм. Ням гарагт Умард Солонгосын “Nodong Sinmun” сонинд, дээрх цэргийн сургууль нь “гал дээр тос нэмж” нөхцөл байдлыг улам хурцатгаж байна гэж мэдээлжээ.
О.Барс
 
Холбоотой мэдээ