Нийслэлийн тендерийг шилэн болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-08-17 17:58:51
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Авлигаас урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд Нийслэлээс Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан байна.

Тус ажлын хэсэг улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлын талаарх  мэдээллийг газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах, тендерийн үйл ажиллагааг  олон нийтэд ил тод нээлттэй болгоход анхаарч ажиллах аж. 

"Жил бүрийн нийслэлийн төсөвт бүтээн байгуулалт, худалдан авах ажиллагааны зардлыг тусгаж дулааны улирал эхэлмэгц Улаанбаатар хотын нийгмийн болон бусад дэд бүтцийн ажлууд хэрэгждэг. Гэвч бүтээн байгуулалт, нийслэлийн худалдан авах үйл ажиллагааны тендерийг тойрсон хардлага иргэдийн зүгээс гардаг нь нууц биш. Нийслэлийн Засаг дарга 2016-2020 хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөртөө “Технологийн ухаалаг шийдлийг ашиглан иргэдэд нээлттэй Улаанбаатар хот” болгох зорилт тавьж, шат дараалсан арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь намар бүр урт дараалал, хэл ам дагуулдаг хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрт оруулж иргэдийн цаг зав, санхүүг нь хэмнэх захирамж гаргасанд  эцэг эхчүүд ам сайтай байна" хэмээн нийслэлийн удирдлагууд онцлов.

Технологийн дэвшлийг ашиглан иргэдийн мэдэх эрхийг баталгаажуулсан дараагийн алхам нь  нийслэлийн тендерийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг шилэн болгох, хүссэн иргэн, аж ахуйн нэгж бүтээн байгуулалтын болон худалдан авах ажлын явцад шууд хяналт тавьж, дуу хоолойгоо хүргэх боломжийг бүрдүүлнэ. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх ахлах юм байна.
Холбоотой мэдээ