“Хаангүй” дөчин жил: Америкчууд Элвис Пресли-г дурсан санаж байна

ДЭЛХИЙД | СОЁЛ УРЛАГ
bars@montsame.mn
2017-08-17 16:20:32
НЬЮ-ЙОРК./TASS/. Элвис Преслигийн уран бүтээлийн мянга мянган шүтэн бишрэгчид энэ долоо хоногт түүний эзэмшил байсан Тенниси муж улсын Мемфис хотын “Грейслэнд” эдлэн газарт цугларч байгаа ажээ. Тэд 40 жилийн өмнө буюу 1977 оны 8 дугаар сарын 16-нд нас барсан домогт дуучны гэгээн дурсгалд зориулан лаан асаан хүндэтгэл үзүүлжээ. 

Алдарт дуучинг биечлэн таньдаг байсан Америкийн нэрт кантри дуучин Тони Браун “Рок-н-роллын хаан” тайзнаас хол ямар хүн байдаг байсан талаар ТАСС-д ярьжээ. Тони Браун Э.Преслигийн төгөлдөр хуурч байсан ба дуучны амьдралын сүүлийн жилүүдэд тэр түүнтэй хамт тоглож байжээ.

“Элвис их нээлттэй, найрсаг сайн залуу байсан. Тэр рок одууд шиг их зан гаргадаггүй, маш энгийн сайн залуу” хэмээн “Рок-н-роллын хааны” гэрт нь нэг бус удаа зочилж очдог байсан Т.Браун дурсан ярьжээ.

Т.Брауныг алдарт дуучинтай 1969 онд хөгжимчин Жон Дэниел Самнер анх танилцуулж байжээ. “Тэр үед Элвис тэнгэрийн хүн болчихсон байсан, маш гоё бие хаатай, эрэгтэй хүний зүйрлэл болохоор төгс сайхан залуу рок од байсан гэдгийг бол яриад ч яахав. Би түүнтэй хамт тоглоно гэж зүүдлээ ч үгүй явсан” гэж Браун дурсан ярьжээ.



Т.Брауны онцлон хэлснээр, Э.Пресли тоглолт хийснийхээ дараа хэзээ ч “парти” зохион байгуулдаггүй аж. “Хүмүүс Элвисийн гэрт хүүхнүүд олноороо байдаг байх гэж боддог байж болох ч үнэн хэрэг дээрээ огт тийм биш. Намайг тэднийд очиход түүний бие хамгаалагч Ред Уэст, Сонни Уэст, дээр нь тоглолт хийсэн хөгжимчид л байдаг байсан, өөр хүн амьтан байдаггүй байсан. Бас тэр архи дарс уудаггүй, эмч нарын бичиж өгдөг эм бэлдмэлтэй холбоотой асуудал түүнд байдаг байсан байж магадгүй, гэхдээ би үүнийг хэзээ ч харж байгаагүй” гэжээ.

Хөгжимчний дурсан санаж байгаагаар Э.Пресли аялан тоглолт хийхдээ хүмүүсийнхээ хамтаар голчлон дөрвөн онгоцоор явдаг байжээ. “Элвис Лас Вегасд тоглолт хийх дургүй, учир нь тайзанд ойрхон суудлуудыг зөвхөн баян чинээлэг хүмүүс л авч чаддаг. Харин Элвис өөрийн үнэнч фанатуудаа илүүд үздэг хүн байсан” гэж тэрбээр тайлбарлажээ.

“Рок-и-роллын хаан” шүтэн бишрэгчдээ их дотно, халуун сэтгэлээр ханддаг байжээ.
Т.Браун “рок-н-роллын хааны” сүүлчийн тоглолтон дээр нь хүртэл тогложээ. “Тэр тоглолт 6 дугаар сарын 26-нд Индианаполист болсон юм хэмээн хөгжимчин яриад – бид 8 дугаар сард аялан тоглолт хийхээр төлөвлөж байсан, аялан тоглолтоо Мэн муж улсаас эхлүүлэх ёстой байсан юм. Бид нар нисэх онгоцны буудалд шоуны оролцогчдыг авч явах онгоцыг хүлээгээд байж байсан. Тэгтэл бидэнд “аялан тоглолт хойшлогдсон, дараа утасдана” гэж хэлсэн, тэр үед бидэнд юу болсон талаар хэлээгүй. Тэгээд би харих гээд машинд явж байтал радиогоор Элвис гэртээ нас барсан гэдгийг олж сонссон. Би маш их цочирдож шоконд орсон” хэмээн Браун дурсан ярьжээ.



Т.Брауны үзэж байгаагаар, Элвис Преслигийн амжилтанд маш олон зүйл нөлөөлсөн, тэдгээрийн нэг нь дуучин тайзны хувцсаа маш өвөрмөцөөр сонгож авч чаддаг байсан явдал. Браун: “Эхэндээ тэр өөрөө хувцасныхаа стилийг бодож олдог байсан. Тэрбээр хэрэгтэй хувцсаа бүгдийг нь комиссийн бараанаас худалдаж авдаг байсан, өөрийн стиль имижээ хэзээ ч хүнээр хийлгэдэггүй байсан. Лас Вегаст тоглож эхлэснээсээ хойш л Элвис комбинезон хэрэглэх болсон, учир нь Лас Вегасд нэр алдартай хүн арай өөрөөр хувцаслах ёстой гэсэн байх л даа.



Элвисийг рок-н-роллын дуучин гэж нэрлэдэг, харин үнэн хэрэг дээрээ бол тэр нэгэн зэрэг гоцлол дуучин, блюз дуучин, рок дуучин хүн байсан юм. 1950-аад онд Элвисийн хийдэг зүйлийг хийж чаддаг хүн байгаагүй, сүмийнхэн Элвис Преслигийн шоунууд хэтэрхий задгай гэж үзэн сүсэгтнүүддээ түүний шоуг үзэхийг хориглодог байсан. Нэг удаа Эд Салливаны шоун дээр Элвисийг очиход зураглаач нарт Элвисийн зургийг бүсэлхийнээс доош авахыг хориглож байсан юм” хэмээн Браун дурсан ярьжээ.
О.Барс 
Холбоотой мэдээ