Эд хөрөнгийн бүртгэл цахимжсанаар иргэдийн цагийг хэмнэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-08-17 14:34:00
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цаасан архивийг цахимжуулжээ. Эд хөрөнгийн бүртгэл цахимжсанаар цаг хугацаа хэмнэх, иргэд өөрсдийн өмчөө эдийн засгийн эргэлтэд саадгүй оруулж, үр ашгийг нь хүртэх боломжоор хангаж буй юм.

Түүнчлэн газар өмчлөл, эд хөрөнгийн бүртгэлийн үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг боловсронгуй болгож буйг албаныхан мэдээлж байна. Өнөөдрийн байдлаар 7700 гаруй иргэний эд хөрөнгийн бүртгэлийг цахимжуулаад байна.  
Гэхдээ эд хөрөнгийн эрхийн бүртгэл цахимжуулснаар иргэн бүртгэлийн газар огт очихгүй гэсэн үг биш юм байна. Тодруулбал, иргэн мэдүүлгээ онлайнаар урьдчилан бөглөж илгээгээд, нотлох баримтуудаа цаасаар харьяа дүүргийнхээ Эд хөрөнгийн бүртгэлийн нэгжид аваачиж өгнө. Энэ нь архив анхан шатны баримтуудад үндэслэн үүсдэгтэй холбоотой аж. Харин мэдүүлэг бөглөх үед цахим системээс өгсөн давхардахгүй кодыг ашиглан иргэн гэрчилгээ, лавлагаа нь хэзээ бэлэн болох, хаанаас авах, шийдвэрлэлтийн аль шатандаа яваа зэрэг мэдээллийг онлайнаар харах боломжтой болж байгаа. Энэ нь иргэдийн цаг зав, зардал мөнгийг тодорхой хэмжээнд хэмнээд буй юм.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ