Инфляци өмнөх сараас өөрчлөлтгүй гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-08-15 16:25:24
  Инфляци долдугаар сард өмнөх сараас өөрчлөлтгүй гарч, өмнөх оны эцсээс 4.2 хувь, 2016 оны мөн үеэс 3.4 хувиар өссөн  үзүүлэлт гарлаа.

Инфляци долдугаар сард өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 10.2 хувь, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 9.7 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 1.9 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг статистикчид онцолж байна.

    Түүнчлэн инфляци Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Баянхонгор, Дархан, Говьсүмбэр, Булган, Дорнод болон Улаанбаатар хотод 0.1-0.3 хувиар буурч, Төв аймагт өөрчлөлтгүй, бусад аймагт 1.0-1.3 хувиар өссөн байна. Харин Сэлэнгэ аймагт 1.3 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Улаанбаатар хотод инфляци өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.5 хувь, хувцас, бөс бараа гутлын бүлгийнх 0.3 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 2.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

ТӨСВИЙН  ТЭНЦЭЛ 589.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ ГАРАВ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 589.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
Тодруулбал тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн  хэмжээ энэ оны эхний долоон сарын байдлаар  3.9 их наяд төгрөгт хүрч, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 4.5 их наяд төгрөг болжээ. Төсвийн тэнцлийн алдагдал өмнөх оноос 1.4 их наяд төгрөгөөр буурсан нь орлого 859.3 тэрбум төгрөг буюу 28.3 хувиар өсч,  зарлага 525.4 тэрбум төгрөг буюу 10.5 хувиар буурсан зэрэг үзүүлэлтээр тайлбарлагдаж байна. 



Татварын нийт орлого өмнөх оны мөн үеэс 26.4 хувиар өсөхөд нэмэгдсэн өртгийн албан татвар 260.4 тэрбум төгрөг, орлогын албан татвар 305.1 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 63.9 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Улсын нэгдсэн төсвийн орлогын 78.7 хувийг татварын орлого, 12.6 хувийг татварын бус орлого, 5.1 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 3.7 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна. Харин онцгой албан татварын орлого 88.0 тэрбум төгрөг буюу 26.4 хувиар буурчээ.
 
ӨРХИЙН  ЗАРЛАГА 53.1 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ
 
Судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 926.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 52 мянган төгрөгөөр буюу 6 хувиар өссөн байна.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 23.3 мянган төгрөг, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 23.9 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага энэ оны хоёрдугаар улиралд 1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 53.1 мянган төгрөгөөр буюу 5.6 хувиар өсчээ.  Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 45.3 мянган төгрөгөөр буюу 6.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

ЭДИЙН ЗАСАГ  5.3 ХУВИАР  ӨСӨВ
 

Монгол Улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн  эхний хагас жилийн байдлаар 7.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 380.9 төгрөгөөр буюу 5.3 хувиар өссөн байна.

Эл өсөлтөд аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 60.3 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 234.5  тэрбум төгрөг буюу 7.9 хувиар, бүтээгдэхүүний цэвэр татвар 160.6  тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

ДНБ-ийн өсөлт, хувиар (үйлдвэрлэлийн аргаар, 2010 оны зэрэгцүүлэх үнээр, өмнөх оны мөн үеэс)



ДНБ-д энэ оны эхний хагас жилд эцсийн хэрэглээ 62.7 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 31.8 хувь, цэвэр экспорт 5.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс хөрөнгийн нийт хуримтлал 7.6 пункт,  цэвэр экспорт 2.3 пунктээр өсч, харин эцсийн хэрэглээ 9.9 пунктээр буурсан байна.

 ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ НЭМЭГДЖЭЭ

Монгол Улс энэ оны эхний долоон сард дэлхийн 145 улстай худалдаа хийсэн байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.9 тэрбум ам. доллар, үүнээс экспорт 3.5 тэрбум ам доллар, импорт 2.3 тэрбум ам.долларт хүрчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам. доллар буюу 33.9 хувиар, экспорт 38.5 хувиар, импорт 27.5 хувиар өссөн байна.

Гадаад худалдааны тэнцэл өмнөх оны мөн үед 708.5 сая ам. долларын ашигтай гарч байсан бол эхний долоон сарын байдлаар 475.1 сая ам.доллараар буюу 67.1 хувиар нэмэгджээ. Ийнхүү экспорт    эрдэс бүтээгдэхүүн, нүүрсний экспорт  өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Харин  үнэт чулуу, металл гоёлын зүйлийн экспорт 123.7 сая ам. доллараар буурчээ. Импорт өмнөх оны мөн үеэс 504.1 сая ам. доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 183.8 сая ам. доллар,тэр дундаа дизелийн түлш, автобензин,  машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийн үнэ өссөн нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 94.8 хувийг эзэлж байна. Харин  импортын 67.4 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж буй аж.
 Б.Заяа
Холбоотой мэдээ