С.Ганбаатарын авсан 50 сая воныг улсын орлого болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2017-08-14 17:59:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт холбогдох гомдол, мэдээллийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингэс хүлээн авч шалган шийдвэрлэсэн байна. 

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас нэр дэвшигч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4-т заасныг тус тус зөрчсөн тухай МАХН-ын Гишүүд дэмжигчдийн холбоо, Хөдөлмөрийн Үндэсний нам, Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, иргэн Б.Баасанжаргал нараас гаргасан, гомдол, мэдээллийг шалгаж, хянан шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн шүүхэд өгчээ. Улмаар тус шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингэс энэ сарын 2-нд хүлээн авч, 7-нд шүүх хурал товлон зарласан ч зөрчилд холбогдогч С.Ганбаатарт орон нутагт ажлаар явж байна гэсэн тайлбар өгсөн аж.

Шүүх хурлыг энэ сарын 9-нд дахин зарлаж зөрчлийг хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Ингэхдээ зөрчилд холбогдогч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50 дугаар зүйлийн 50.8 , 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, 50 дугаар зүйлийн 50.10.2 дахь хэсэгт зааснаар С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,440,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ. Мөн Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т зааснаар Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг СЕХ-нд даалгаж, түүний хүлээн авсан хандив 50 сая воныг улсын орлогод буюу Төрийн санд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.
 
Н.Туяа
Холбоотой мэдээ