Барселоны оршин суугчид жуулчдыг эсэргүүцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-08-14 11:24:09
ЛОНДОН./BBC/. Барселоны хэдэн зуун оршин суугчид тус хотын жуулчид ихээр амардаг “Барселонета” наран шарлагын газарт жуулчдыг олноор нь оруулахыг эсэргүүцэн акц зохион байгуулжээ.

Эсэргүүцлийн акцыг зохион байгуулагчид “Бидэнд жуулчин хэрэггүй”, “Жуулчдыг олноор нь ирүүлэхээ зогсоо” гэсэн бичиг бүхий плакат барьжээ.

Уг эсэргүүцлийн акцыг Барселонета районы оршин суугчид зохион байгуулсан бол тэднийг тус хотын бусад районы оршин суугчид дэмжин эсэргүүцлийн акцид нэгджээ.

Барселонета район нь Барселон усан боомт, Олимпийн суурин хоёрын дунд байдаг ба жуулчдын хамгийн их цуглан бөөгнөрдөг гол газрын нэг ажээ.
Эргийн тус районд зочид буудал, ресторан олон байдаг төдийгүй олон айлууд байраа амрагчдад түрээслэдэг байна.

Барселоны оршин суугчид жуулчдын биеэ авч явж байгаа байдалд сэтгэл дундуур байгаа төдийгүй жуулчдын тоо эрс нэмэгдсэний улмаас байрны түрээсийн үнэ өсч байгаад бухимдах болжээ.

“Урьд өмнө нь бид хулгайч, хар тамхичидтай хамт амьдардаг байсан, тэдэнтэй эв зүйгээ олоод амьдрахыг хичээдэг байсан, бид яаж ийгээд л болгоод байдаг байсан. Харин аялал жуулчлал байгаа бүхнийг маань устгасан” хэмээн уг акцид оролцогч ярьжээ.

Энэ оны эхний хагас жилд Испани улс ирсан гадаадын жуулчдын тоогоороо ээлжит рекордоо тогтоожээ. Испани улсад нийт 36,4 сая жуулчин ирсэн байна.

Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой аялал жуулчлал тус улсын ҮНБ-ий 11 хувийг хангадаг гэж мэдэгджээ.
О.Барс 
Холбоотой мэдээ