Аялал жуулчлалын визээр хөдөлмөр эрхэлж болохгүйг зөвлөв

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 17:31:10

ГХЯ-наас БНСУ-д ажиллах сонирхолтой иргэдэд хандан зөвлөмж гаргажээ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд 2012 онд байгуулсан “Виз олгох нөхцлийг хөнгөвчлөх тухай хэлэлцээр”-ийн дагуу БНСУ-д зорчих манай иргэдэд 90 хүртэлх хоногийн хугацаатай виз олгох болсон билээ.

Гэтэл сүүлийн үед БНСУ-д аялал, жуулчлалын зориулалттай 90 хүртэлх хоногийн хугацаатай визээр зорчсон манай зарим иргэд хөдөлмөр эрхлэх тохиолдол цөөнгүй гарч байна. Аялал, жуулчлалын зориулалттай визээр зорчоод улмаар тус улсад хөдөлмөр эрхлэх нь ажил олгогчтой албан ёсны хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөр эрхлэхтэй холбоотой амь нас, эрүүл мэндийн болон бусад даатгалд хамрах боломжийг хааж байгааг иргэд анхаарах нь зүйтэй.

Хөдөлмөр эрхлэх визтэй тохиолдолд БНСУ-ын “Хөдөлмөрийн стандартын тухай хууль”, “Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийн тухай хууль”, “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль” зэрэг хуулиар эрхээ хамгаалах боломжтойгоос гадна ажлаас халагдсаны болон нутаг буцах зардлын даатгал эдлэх  боломж олгох юм.

Иймд БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр төлөвлөж байгаа бол зохих ангиллын виз, зөвшөөрлийг авахыг Гадаад хэргийн яамнаас иргэддээ зөвлөж байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахтай холбогдсон мэдээлэл, зөвлөмжийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн www.labornet.mn цахим хаягаар орж авна уу.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд